Англи хэлээ сайжруулахад подкаст хэрхэн туслах вэ?

Англи хэлээ сайжруулахад туслах шилдэг 10 подкаст

Унаган англи хэлтэй хүмүүсийн яриаг ойлгох боломжгүй юм мэт санагдаж байна уу? Англи хэлээ сайжруулах хүсэлтэй ч сурах бичиг харахаас залхуу нь хүрч байвал англи хэл дээрх подкастууд танд туслана.

Технологийн эрин зуун хэл сурахад бидэнд туслаж байгаа нь аргагүй том давуу талуудын нэг билээ. Учир нь бид өнөөдөр ухаалаг утас, таблет, сайн интернеттэй байхад англи хэлийг хурдан хугацаанд, амар хялбар аргаар сайжруулах боломжтой болсон юм. Гүйлтийн зам дээр гүйж байхдаа, ажил гэрийн хооронд автобусаар явж байхдаа аль ч хэл дээр өөрийн хүссэн хэлээ подкастын тусламжтай сайжруулах боломжтой.

Хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст доорх 10 подкаст англиар ярьж буй хүмүүсийн яриаг хурдан ойлгох, ярьж сурахад туслаж болох юм. Юуны түрүүнд подкаст гэж юу болох, яагаад тэдгээрийг сонсох нь үр дүнтэй вэ гэдгийг тайлбарлъя.

Яагаад англи хэлийг подкастын тусламжтай сурах ёстой вэ?

Подкаст нь интернеттэй, интернетгүй аль ч үед гар утсан дээр шууд эсвэл татан авч сонсох боломжтой аудио хэлбэрээр бичигдсэн хүмүүсийн яриа юм. Подкаст хэмээх үг нь анх 2005 онд гарч ирсэн бөгөөд “iPod” болон “broadcast”хэмээх хоёр үгийн нийлбэр аж.

Шинжлэх ухаанаас авхуулаад хошин хөгжилтэй гэх мэт өргөн хүрээг хамарсан, хэрэглэхэд тохиромжтой бүтэц бүхий аудио ярианууд нь өнөө үед газар аваад байна. Ихэнх подкастууд үнэгүй байхаас гадна хамгийн чухал нь англи хэлээ сайжруулах хамгийн оновчтой сонголтуудын нэг болоод байна. Подкаст дараах байдлаар таньд тусална:

  • Сонсох чадвар сайжирна

  • Үгийн дуудлага сайжирч, зөв дуудаж сурна

  • Шинэ үг хэллэг, хэлц үгийн тусламжтай үгийн сан нэмэгдэнэ

  • Subtitle-тай подкаст сонсохын хажуугаар унших чавдараа хөгжүүлж болно

  • Олон төрлийн аялга, өдөр тутамд хэрэглэгддэг хар ярианы үгнүүдийг сурч авна

  • Унаган хэлтэй хүмүүсийг яриаг ойлгох чадвар нэмэгдэнэ

  • Олон салбарын мэдээ байдаг тул сонирхсон сэдвээ сонгон сонсох боломжтой

Подкаст ашиглан англи хэлээ сайжруулахад дараах зүйлсийг анхаараарай

  • Подкаст өдөр болгон сонсох. Өдөр тутамдаа подкаст сонсох цагийг гарган зуршил болгон хэвшүүлэх хэрэгтэй

  • Сонирхолтой, сонсохыг хүссэн подкастаа олох. Аль подкастыг сонсохоо мэдэхгүй байвал өөрийн сонирхолоо дагаад үзээрэй

  • Подкастыг subtitle-тай нь хамт сонсох. Энэ нь тухайн подкаст-д гарч байгаа шинэ үг хэллэгийг хурдан сурах, өөр өөр өгүүлбэрүүдийн бүтцийг олж мэдэхэд тустай

Подкастыг бичвэр хэлбэртэй нь хамт сонссоны дараа subtitle-гүй дахин сонсох. Сонсох ур чадварыг хурдан хөгжүүлэхэд тустайгаас гадна, хурдан ярьж буй англи хэлтнийг ойлгоход нөлөөлнө.

Дараах подкастууд англи хэлийг хоёр дахь хэлээ болгон сурч байгаа янз бүрийн түвшинтэй хүмүүст зориулагдсан.

1. Learn English Podcasts from the British Council

Англи хэлний анхан, дунд шатанд зориулсан подкаст. Подкаст болгон асуудал дэвшүүлж, санал бодлоо солилцсон хэв маягаар хийгдсэн ба өдөр тутамд болдог асуудлуудыг хамран ярьдаг. Сонсох материалаа татаж авч болохоос гадна сонссон зүйлээ бататгах дасгалыг хийх боломжтой.

Холбоос: https://learnenglish.britishcouncil.org/learnenglish-podcasts

2. Voice of America: Learning English

Америкийн дуу хоолойгоор дамжуулан мэдээ мэдээлэл сонсох боломжтой. Анхан, дунд, ахисан шатны подкастууд нь мэдээ, эрүүл мэнд ба амьдралын хэв маяг, шинжлэх ухаан, технологи, соёл зэрэг өргөн хүрээг хамарсан байдаг.

Холбоос: https://learningenglish.voanews.com/

3. 6-Minute English from the BBC

Долоо хоног болгон англи хэлээ зугаатай байдлаар давтах боломжийг BBC сонсогчдоо олгодог. Сонсох материал бүр нь өдөр тутамд ашиглагддаг үг хэллэг бүхий хоёр хүний харилцан ярианаас бүтнэ. Аудио сонсож болохоос гадна subtitle, үг хэллэг, асуулт зэргийг харах боломжтой.

Холбоос: http://www.bbc.co.uk/learningenglish/english/features/6-minute-english

4. The English We Speak

Дунд болон ахисан түвшинтэй хүмүүст зориулсан BBC-н подкастуудын нэг юм. 3 минут үргэлжлэх энэхүү подкаст нь Их Британид өргөн хэрэглэгддэг хэлц үг, хэллэг зэргийг тайлбарладаг. Аливаа нэг сэдэвт гарч байгаа хэлц үг, хэллэгийг суран үгийн сангаа нэмэгдүүлж болох ба шинэ гарсан үгнүүдийг цээжлэх боломжтой.

Холбоос: https://www.bbc.co.uk/programmes/p02pc9zn

5. Podcasts in English

Өргөн хүрээтэй сэдвүүдээс сонгон сонсох боломжтой. Түвшин бүр дээр өөрийн хүссэн подкастыг 5 минутанд сонсох болно. Мартериалуудын бичвэрийг харж болохоос гадна үгийн сангаа давтах дасгалууд байрласан. Мөн түүнчлэн англи хэлийг бизнесийн зорилгоор ашиглах шаардлагатай байгаа хүмүүст тохирно.

Холбоос: https://www.podcastsinenglish.com/index.shtml

6. This American Life

Дуудлагаа сайжруулахыг хүсч байна уу? Тэгвэл энэхүү подкастыг сонгоорой. АНУ-д хамгийн алдартай подкастуудын нэг бөгөөд хүмүүсийн бодит амьдрал дээрх түүхүүдийг сонсонгоо зарим Америк аялгуудыг сурах боломжтой.

Холбоос: https://www.thisamericanlife.org/

7. Serial

Эхний хэсгээс нь сонсож эхлээд энэхүү подкаст яагаад алдартай болохыг олж мэднэ. Эрин сурвалжлах сэтгүүлзүйн шинжилгээ, гэмт хэргүүдийг дахин судлах болон хөтлөгчийн ярилцлага, дүгнэлт, сонирхолтой сэдвээр ярьж, эвлүүлж янзалсан өөрөө өөртэйгөө хийж буй ярилцлага зэрэг нь танд шинэ зураглал бий болгоно.

Холбоос: https://serialpodcast.org/

8. Science Friday

Шинжлэх ухаан, технологид сонирхолтой хүмүүсийн сонсох ёстой подкастуудын нэг. Шинэ зүйл сурах хөгжилтэй болохыг харуулсан боловсрол танин мэдэхүйд зориулсан түүхүүдийг сонсоод үзээрэй.

Холбоос: https://www.sciencefriday.com/

9. Comedy Bang! Bang!

Скот Аукерман хэмээх хүний хөтлөн явуулдаг долоо хоног тутмын комеди подкаст юм. Скот зочдынхоо хамтаар хөгжилтэй мөчүүдийг бий болгож, танд инээд бэлэглэх болно.

Холбоос: https://www.earwolf.com/show/comedy-bang-bang/

10. Global News by BBC

Шинэ дугаарууд нь өдөрт 2 удаа гардаг бөгөөд дэлхий дахинд өрнөж буй сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг. Мэдээний хөтлөгч, сэтгүүлчдийн англи хэл маш сайн учраас англи хэл сайжруулахад туслах подкастуудын нэг байх болно.

Холбоос: https://www.bbc.co.uk/programmes/p02nq0gn

Хүссэн үедээ хаана ч сонсох боломжийг подкаст танд олгоно. Хүн болгон өөрсдийн хэрэгцээндээ нийцсэн, сонирхолтой подкастуудыг сонсоод зорилгодоо хүрэх боломжтой. Хэрэв та англи хэлийг анхан шатнаас нь сурч байвал дээрх подкастууд дүрэм, үгийн санг нэмэгдүүлэх анхны алхамыг тавьж өгнө. Харин дундаас дээш түвшинтэй хүмүүс унаган англи хэлтэй хүмүүсийн подкастыг сонгон сонсоорой.