GAPE- USCPA талаар

Эрхэм хүндэт Танд Мэргэжлийн Боловсролын Олон Улсын Академи болон АНУ-ын Бекер Мэргэжлийн Боловсрол /Becker Professional Education-BPE/ Групп хамтран зохион байгуулж байгаа АНУ-ын “Мэргэшсэн Нягтлан Бодогч-МНБ” цол зэрэг олгох шалгалтанд бэлтгэх сургалтыг Монголд анх удаа 2016 оны 7-р сард эхлүүлсэн.

Америкийн Мэргэшсэн Нягтлан Бодогч буюу US CPA /Certified Public Accountant/ нь Америкийн Үндэсний Нягтлан Бодогчдын Холбоо /NASBA/ гэх Америкийн Нягтлан Бодох Бүртгэлийн мэргэжлийн дээд байгууллагаас шаарддаг боловсролын түвшинг хангасан, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн ажлын мэдлэг туршлагатай, нягтлан бодох бүртгэл санхүүгийн өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэшсэн боловсон хүчин юм.

Америкийн Нягтлан Бодогчдын Институтээс (AICPA) зохион байгуулдаг мэргэшлийн 4 төрлийн шалгалтыг амжилттай өгснөөр мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авч аудит, татвар, санхүүгийн шинжилгээ, олон улсын бүртгэлийн чиглэлээр зөвлөгөө, туслалцааг бие даан үзүүлэх бүрэн боломжтой болдог.

Аудит (AUD)

Санхүү (FAR)

Бизнес (BEC)

Хууль дүрмийн (REG) гэсэн дөрвөн үндсэн шалгалт өгөх ба шалгалтын агуулга нь компаний санхүүгийн үйл ажиллагааг шалгах төсөл боловсруулах, аудит хийх, бичиг баримт бүрдүүлэх, аудитын тайлан бэлтгэх, засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагын санхүүгийн тооцоо, тайлан балансын тухай , хууль тогтоомжийн заалт, хувь хүний болон байгууллагын татварыг тооцох, макро микро түвшний эдийн засаг, мөнгө санхүүгийн бодлого гэх мэт маш өргөн хүрээг хамарсан байдаг.

Монгол залуус маань Америкийн Мэргэшсэн Нягтлан бодогч болсноор Нэгдсэн улсад мэргэжлийн ажил эрхлэх сайхан боломж нээгдэж байна. Одоогоор Америкийн Мэргэшсэн Нягтлан Бодогч цолтой нийт ажиллагсдын 75 хувь нь ирэх 15 жилд тэтгэвэрт гарна гэсэн судалгаа Америкт хийгдээд байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн залгамж халааг бэлтгэх боловсон хүчний хэрэгцээ шаардлага ихээхэн гарч ирснээр Америкийн компаниудад CPA цолтой ажилтны эрэлт ихээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Мөн түүнчлэн зөвхөн гадаад улсад ажиллаж амьдрах боломжоос гадна эх орондоо ч өндөр цалинтай сайхан амьдрах боломж нээгдэх юм. Учир нь дэлхийн эдийн засгийн глобалчлал, даяаршил болон Монголын уул уурхай, зам барилга, банк санхүү, хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл болон бусад салбарт дэлхийн томоохон компаниуд, олон улсын гүрэн дамнасан пүүс корпорациуд анхаарлаа маш их хандуулан гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагаас улбаалан эдгээр компаниудад ажиллах Олон улсын түвшинд үнэлэгдсэн мэргэшсэн боловсон хүчнүүд нэн түрүүнд хэрэгтэй болж байна.

Мөн АНУ-ын МНБ эрхийн болзол хангасны дараа ашиглаж болох нэг чухал боломж нь CIMA буюу Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч цолны эрх авах 14 шалгалтын хөнгөлөлтийг авч, зөвхөн ТОР CIMA буюу хамгийн сүүлчийн 1 шалгалт өгөх эрхтэй болох боломж байгаа гэдгийг дуулгая.

CIMA буюу Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг болон AICPA буюу Америкийн мэргэшсэн нягтлан бодогчдын (American Institute of Certified Public Accountants) нийгэмлэгүүд хамтран 2011 оны 3-р сарын 17-нд Олон улсын Мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг (Association of International Certified Professional Accountants)-ийг байгуулсан. AICPA нийгэмлэг нь олон салбарын нягтлан бодох бүртгэлийн гишүүн болон санхүүгийн удирдах ажилтнуудтай, Хойд Америкийн бүс нутагтаа нэр хүндтэй байгууллага бөгөөд CIMA нийгэмлэг нь удирдлагын нягтлан бодох бүртгэл рүү чиглэсэн, Ази, Европ, Африк болон бусад улс оронд нэр хүндтэй, мэргэшсэн зэрэг олгодог байгууллагууд юм.