GAPE-ийн анхны USCPA амжилт

Тогосболдын Ундраа нь Японы Рицүмейкан Ази Номхон Далайн Их Сургуульд Бизнесийн Удирдлагын бакалавр, Америкийн Виржиниа Олон Улсын Их Сургуульд Бизнесийн Удирдлагын мастерийн зэргээр тус тус суралцан төгссөн.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээрээ Канадын уул уурхайн компанид тооцооны нягтлан бодогч, Хятадын харилцаа холбооны үндэстэн дамнасан компанид Ерөнхий нягтлан бодогч, Төрийн байгууллагуудыг чадавхижуулах Канадын төсөл дээр Санхүүгийн мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж байсан туршлагатай.

Ундраа нь GAPE Академийн АНУ-ын МНБ бэлтгэх хөтөлбөрт хамрагдан 2019 оны 2-р сард US CPA-ийн бүх шалгалтуудаа анхны оролдлогоороо амжилттай давсан суралцагч юм. Т.Ундраагийн амжилтын туршлагаасаа хуваалцаж байгааг хүлээн авна уу.

"Анх мастерийн сургалтанд сурч байхдаа оюутан найзуудаасаа US CPA-ийн шалгалтыг өгснөөр санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, ур чадвартай болох боломжтойг мэдэж авсан. Монголдоо буцаж ирээд ажиллаж байх үедээ GAPE Академийн Захирал Баярмаа багшаасаа баяртай мэдээ дуулсан нь US CPA-ийн шалгалтанд бэлтгэх сургалтыг Америкийн нэр хүндтэй сургалтын төв болох Becker-тэй хамтран зохион байгуулах болсон мэдээ байв.

Монголдоо амьдарч, ажиллангаа шалгалтанд бэлдэх боломж бүрдсэнд маш их баяртай байлаа. Ингээд 2017 онд сургалтын цогц хөтөлбөртэй танилцсанаар GAPE-ээс зохион байгуулсан Англи хэлний болон Нягтлан бодох бүртгэлийн бэлтгэл дамжааг амжилттай дүүргэн 2018 онд Америкийн Becker сургалтын төвийн онлайн хичээлээ эхлүүлсэн. Энэхүү бэлтгэл дамжаа нь оюутан байхдаа үзэж судалсан мэдлэгээ сэргээх, санхүүгийн үг хэллэгүүдийг англи хэлээр гүнзгийрүүлэн эзэмших суурь сургалт байсан юм. Сургалт нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн гүнзгий мэдлэгтэй Mintu багшийн удирдлаган доор англи хэл дээр явагдсан нь Becker-ийн онлайн хичээлүүдээ эхлүүлэхэд нэлээн дөхөм болсон гэж бодож байна. Миний хувьд Becker-ийн онлайн хичээлүүдээ үзэж эхэлснээс хойш 2018 оны 10 сард Санхүүгийн бүртгэл (Financial) болон Аудит (Auditing)-ийн шалгалтуудаа, 2019 оны 2 сард Бизнес (Business) болон Хууль дүрэм (Regulation)-ийн шалгалтуудаа Америкийн Гуам аралд байрлах шалгалтын төв дээр очин амжилттай өгөн US CPA болох үүд хаалга маань нээгдсэн. Эдгээр шалгалтууд нь мэргэжлийн нэр хүндтэй цол олгох нэлээн хүнд шалгалтуудын нэг юм. Гэвч та өндөр сахилга бат, тууштай хичээл зүтгэлийн үр дүнд даван гарах бүрэн боломжтой гэдгийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хэлж чадах байна. Шалгалтууд нь MCQ 50%, SIM 50% гэсэн бүтэцтэй бөгөөд MCQ-ийн хэсгийг 100% алдаагүй хийх тактик баримталвал шалгалтандаа тэнцэх бүрэн боломжтой гэж бодогдсон. Учир нь SIM-ийн хэсэг дээр ямар сэдвээр ямар өгөгдөлтэй дасгал ажил ирэх нь тааварлахын аргагүй юм билээ. Энэ хэсэг дээр хэрэгтэй болон хэрэггүй маш их өгөгдөл ирдэг тул хурдан уншиж, хэрэгтэй мэдээллийг хурдан олох чадвар чухал санагдсан.

MCQ-ийн хэсгийг алдаагүй хийхийн тулд Becker-ийн онлайн дасгал ажлуудыг бүрэн ойлгож хийхээс гадна боломжтой бол 2-оос 3 удаа дахин эргүүлж харах шаардлагатай. Бизнес (Business)-ийн шалгалтын нэг онцлог нь Writing хэсэг орж ирдэг байгаа. Хэрэв та TOEFL, IELTS зэрэг шалгалтанд урьд нь бэлдэж байсан бол энэ хэсгийг амжилттай давах давуу тал болно. Хэрэв эдгээр хэлний шалгалтанд бэлдэж байгаагүй бол санаа зовох хэрэггүй гэдгийг хэлье. Таныг бэлтгэл дамжаанд сурах явцад GAPE-ээс Academic English нэртэй хичээл ордог тул англи хэл дээр зурвас, захиа, зөвлөгөөг мэргэжлийн болон албаны үг хэрэглэн, хэл зүйн алдаагүй бичих чадварт сургах болно. Хамгийн сүүлд нь хэлэхэд хамтдаа суралцах баг бүрдүүлж чадвал маш үр дүнтэй байх болно шүү. Хоорондоо ярилцаж ойлгосон мэдлэг тархинд удаан хадгалагддаг тул танд шалгалтаа амжилттай давах маш том хөшүүрэг болж өгнө гэдгийг дахин дахин хэлье.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг мэргэжилтнүүд болох үүд хаалгыг Монголчууддаа нээж өгч байгаа GAPE-ийн хамт олонд баярлалаа."