FAR, BEC exam - My experience

GAPE-USCPA хөтөлбөрийн оюутан Гантөмөр овогтой Уранчимэг маань Гуам-д очиж анхны 2 шалгалтаа өгөөд дөнгөж ирэнгүүтээ бусад найз нартаа туршлагаа, сэтгэгдлээ хуваалцсанг бид нийтэд мөн хүргэхийг хүсэж байна.

GAPE Академи нь бүх оюутан сурагчиддаа мэдлэгээ туршлагаа хуваалцах “Sharing is Caring” гэсэн уламжлалт ухамсар хүмүүжлийг төлөвшүүлэхийг хичээн ажилладаг билээ. Бидний амьдарч байгаа одоо үед мэдлэгээ нууж дарах биш харин ч хуваалцаж түгээж хамтдаа эрсдлээс сэргийлэх, хамтдаа амжилтанд хүрэх хүнлэг сайхан үе, хүн бүхэн үүнд суралцаж, хэрэгжүүлж байгаасай.

"Dear All,

Би нь FAR, BEC-нхээ шалгалтыг өгөөд урьд шөнө ирлээ. Шалгалтын талаарх сэтгэгдэл, эмоцио хуучраагүй байгаа дээр нь та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.

Та бүхэн минь миний шалгалтын бэлтгэлийн талаар бага зэрэг гадарлаж байгаа байхаа. Жил гаруйн өмнөөс төлөвлөгөө гаргаад л, та нартаа зарлаад л, түүнийгээ мөрдөхийг аминдаа л их хичээсэн, гэвч төлөвлөгөөнөөсөө дандаа л хоцорчихдог, тэгээд дахиад л хугацааг нь сунгаад л төлөвлөгөөгөө шинэчлээд яваад байсан. Гэхдээ л цөхрөлтгүй Becker online-ы FAR-ын ~100 модулиа бага багаар ахиулсаар л байсан. Ажил, хувийн асуудал гээд гүйцэтгэл хойшлох шалтаг, шалтгаанууд мундахгүй байсаан.

2018 оны 10 сард Guam board-д бүртгүүлж, 2019.04.05-нд дуусах NTS-ээ аваад, 2019.04.17-нд дуусах 6 сарын хугацаатай USA visa-гаа авсан. Тэгээд тэр хугацаандаа шахагдаад 2019.04.04-нд BEC, 2019.04.05-нд FAR шалгалтуудаа өгсөн.

Шалгалтын цаг дөхөх тусам төлөвлөгөө маань ажлын хажуугаар амжихгүй нь ойлгомжтой байсан болохоор ажлаасаа шалгалт өгөхөөс 2.5 сарын өмнө гарсан. Гэсэн ч эрүүл мэнд г.м хувийн олон шалтгаанаар яг 1 сарын өмнөөс л шалгалтандаа 100% төвлөрч эхлэсэн. Тэр үед шалгалтын бэлтгэлийн явц маань Becker online-ы FAR 7-р section-г дуусгасан, 8,9,10-р section-ууд руугаа орж амжаагүй, BEC-г огт эхлээгүй байсан.

Сүүлийн 1 жил Becker online дээрээ ажиллахдаа өдөрт 1 module, сүүл рүүгээ 2 module дуусгах зорилго тавьдаг байсан ч тэрийгээ төдийлөн биелүүлж чаддаггүй байсан. Шалгалт дөхөх тусам хурдаа сайжруулахаас өөр аргагүй болж, FAR section 9 - Government Part 1-ийн 10 module-г гэхэд хоёрхон өдрийн дотор буюу өмнөхөөс 5-10 дахин их хурдаар хийж байсан шүү. Тэр үед бүх зүйл бидний mental issue юм байна, тэрнээс биш бидэнд асар их нөөц бололцоо, потенциал байгаа юм байна гэдгийг ойлгосон.

Шалгалт өгөхөд яг 14 хоногийн өмнө буюу 2019.03.22-нд FAR 10- Government Part 2 section руугаа орж амжаагүй, BEC-гээ бол номыг нь ч сөхөж хараагүй байдалтай байсан. “Ер нь зөвхөн FAR-аа өгье, BEC ч дүүрч, зүгээр юу байдгийг нь нэг сууж үзээд нэг туршлага болгоё” гэсэн бодолтой болсон байсан. Тиймдээ ч FAR шалгалтаа өгөхийн өмнөх өдөр нь BEC шалгалтандаа суухаар Prometric бүртгэлээ өөрчилж, шалгалтын бодит орчны цочроогоо BEC шалгалтаар гаргахаар төлөвлөсөн.

Тэгээд өөрийнхөө төлөвлөгөөгөөр яваад хэрэг нэг л бишдэж байгаагаа мэдрээд, сандраад “яг энэ байдлаараа надад FAR-д тэнцэх chance байгаа эсэхийг асуухаар Ундраатай холбогдсонд надад 1-рт Mock 1, 2, 3 руугаа яаралтай орох, 2-рт бүх MCQ-гээ давтан хийхийг зөвлөсөн. Би бүх MCQ-гээ хийж амжихгүй нь тодорхой байсан болохоор ядаж section болгоны ард байгаа SMQ-г хийгээд үзье гэж зорилго тавьсан, шалгалтын өмнө 50% орчмыг нь л хийж амжсан.

Тэр өдөр яг миний сэтгэл зүйг мэдэрсэн юм шиг Mintu багш-аас “маргааш GAPE дээр ирээрэй, ирэх 7 хоногийн шалгалтын чинь талаар ярилцъя” гэсэн мессэж ирсэн. Тэгээд, миний явцыг сонсоод, намайг Mock 1-ээ яг яс дүрмийнх нь дагуу 4 цаг сууж хийгээд (дундаа завсарлага 15 минуттайгаар) үр дүнгээ маргааш нь бариад хүрээд ир, тэгээд хамт ажиллая гэж хэлсэн.

За тэгээд Mock 1-ээ тэр өдөртөө хийсэн, зөвхөн эхний 2 Testlets буюу нийт 66 MCQ-г 1.5 цаг сууж 47%-тай хийгээд жинхэнэ шоконд орсон доо. Сүүлийн 3 Testlets буюу TBS-үүд рүү орох сэтгэлийн болон биеийн тэнхээ хүрээгүй ээ. Эхний 45 минутанд нь Testlet 1-ийнхээ 33 MCQ-г багтаахаар цагаа хараад хийсэн. Цаг нь дуусахад 5 минут үлдсэн байхад 8 MCQ дутуу байсныг бүгдийг нь 1-р сонголтыг нь тааж сонгоод 2-р Testlet рүүгээ орсон. (Ундраагийн хэлсэн нэг ч хоосон сонголт үлдээж болохгүй, ядаж 25%-аа авна гэсэн нь бодогдоод) Дараа нь Review Report-оо харсан чинь таасан сонголтуудаас ганцхан нь зөв, бусад нь буруу байсан. Гэтэл таасан асуултууд дотор хэрэв яаралгүй цагтаа багтсан бол тайван уншаад л шууд хариулчих асуултууд ч нэлээн байсан. 2-р Testlet-ийг мөн л тиймэрхүү байдлаар дуусгасан.

Маргааш нь Mintu багштай нэг л шоконд орсон хүн уулзсан даа. Багшийн зөвлөмжүүд нь шалгалтын үеэр цагаа зөв менеж хийх, стрессдэхгүй тайван байх, MCQ дээр хэрхэн өндөр оноо авах тактикууд, гээд л олон хэрэгтэй зөвлөгөөг өгсөн. Мөн AICPA blueprint-г уншаад, бас Becker online дээрх Mock1 test-н Report дээр суурилаад weak area-нуудаа тодорхойлоод, тэдгээртээ илүү төвлөрч ажиллаад, дахин Mock 2, 3 дээрээ ажиллахыг зөвлөсөн.

Тэр хооронд би 7 хоног GAPE дээр бүтэн өдөржин суугаад ажилласан. Гэрт байснаас хамаагүй илүү үр бүтээлтэй байсаан. Mock 1-нхээ MCQ-үүд дээр дахин ажиллаад, алдсан сэдвүүдээ дахин сэргээгээд, бүгдийг нь 100% болгож онлайн дээрээ гүйцээсэн. Тэгээд Mock 1-ийнхээ TBS-үүдийг нь хийж үзсэн чинь харин харьцангүй гайгүй, амархан санагдсан.

Тэгээд 7 хоногийн дараа Mock 2-оо бүтнээр нь хийсэн. Эхний 3 Testlets-ээ 3 цаг буюу өгөгдсөн цагаас 1 цагийн хоцролттой хийгээд, үлдсэн 1 цагийн 30 минутанд нь цаг бага үлдсэн тул үлдсэн 2 Testlets буюу 8 TBS-н 4-г нь буюу яарч, стрессдсэндээ дутуу хийгээд шалгалтаа 3.5 цагт дуусгасан.

Яасан гэхээр, 3, 4-р Testlets-ийн зөвхөн эхнийхийг нь хийгээд, 2,3-рхыг нь орхиод Submit хийгээд дараачийн Testlet рүү орсныгоо Testlet 5-аа хийж байхдаа мэдсэн. Яг энэ алдаагаа BEC бодит exam дээр давтсан нь хамгийн тэнэг. Mock 2-ын MCQ-г 50%-тай, харин TBS-үүдийг хийсэн таскуудынхаа хувьд 98%-тай, хэрэв хийгээгүй санамсаргүй орхиснуудыгаа мэддэгээ хийсэн гэж үзээд, мэдэхгүй байсан Bank reconciliation task-аа хасаад тооцохоор нийт дүнгээр TBS 76%-тай хийсэн гэсэн үг байсан.

Мock 2-оо хийсэн тэр өдөр магадгүй миний амьдралын хамгийн weak үеүүдийн нэг байсан байхаа. 7 хоног шахам нойргүйдээд, хувийн асуудал, эрүүл мэндийн асуудал гээд бүх зүйл давхацсан байсан, гэхдээ л шалгалтандаа бэлдэх хамгийн хариуцлагатай үе байсан учраас өгүүлбэрээ хэд дахин уншиж байж арай гэж ойлгохоор хэмжээнд тархи маань ядарсан байдалтай байсан ч өөрийгөө зоригжуулж 4 цаг гүрийгээд шалгалтаа хийж дуусгасан. Дундах 15 минутын завсарлагаа авч түр амсхийсэн. Тархи хэт ядарсан байснаасаа болж маш олон silly mistakes гаргасан байсан (тоогоо буруу нэмж хасах, хариугаа оруулахдаа орон алдах, за он сар өдөр, цаг хугацааны тооцоолол дээр хайхрамжгүй алдаа гаргах зэрэг бол энүүхэнд байсан).

Mock 2-ын үр дүн дээрээ суурилаад Mintu багштай 3-хан өдөр тус бүр 2-3 цаг хамт сууж сайн ойлгохгүй байсан дараах 5 сэдвээр цэгцтэй тайлбарлуулж авсан: 1) Bank reconciliation, 2) EPS, 3) Income tax, 4) Consolidation & Intercompany Transaction, 5) BEC writing tasks.

Тэгээд үлдсэн weak area-нуудаа замдаа онгоцны буудал дээр, онгоцонд, буудалдаа бэлдсээр байсан. Mock3-аа FAR шалгалтаа өгөх өглөөний 3 цагт босч эхний 2 Testlets MCQ-г 70%-тай хийгээд, TBS-үүдийг нь ерөнхийд нь хараад, алдсан зүйлсээ шалгалтаа өгөхөөс 30 минутын өмнө хүртэл бэлдсээр байгаад л өглөөний 8 цагт шалгалтандаа орсон доо.

FAR шалгалтын талаарх сэтгэгдэл:

Өмнөх 1-2 жилийн удаан шаналж, өөрийнхөө арга эвээ олохгүй бэлдсэнтэй харьцуулашгүй их үр дүнтэйгээр сүүлийн 14 хоногт Mintu багштай бэлдсэний ачаар ямар ч гэсэн шалгалтын үеэр сандралгүй, тайвнаар өөрийнхөө хамгийн сайнаар хийсэн. Өгөгдсөн цагийг 5 мин-ын хэлбэлзэлтэйгээр бараг л бүрэн баримталсан. MCQ дээр Becker-ийн Mock test-үүдээс хамаагүй хөнгөн тестүүд ирэх шиг санагдсан. TBS ч бас нэг их хүнд санагдаагүй. Харин Bank reconciliation дээр нэлээн том даалгавар ирсэн, их олон хавсралт өгөгдөлтэй. Гэхдээ л цаг хангалттай байсан болохоор огт сандраагүй, бүх өгөгдлийг тайван уншиж, ойлгохыг хичээн хийсэн. Яг энэ сэдвээр Mintu багшаар нэг өдөр заалгасан болохоор ерөнхий ойлголт сайн авсан байсан хэдий ч тэр Payroll Cash Book, Bank Payroll Statement хоёрын учрыг сайн олж тааруулж чадаагүй ээ. Мөн BS Adjusting Journal entry дээр өөр нэг будлиантай TBS ирсэн, хүчээр RE-р нь тааруулаад орхисон.

Бодит шалгалт бол бүх сэдвийг хамруулж шалгадаггүй юм байна лээ, Mock 2, 3 бас тийм байгаа. Бүх сэдвээс алинаас нь ч хамаагүй санамсаргүй байдлаар ирж болохоор. Тийм болохоор бүх сэдвээрээ жигд бэлдмээр юм байна лээ. Жишээ нь би Consolidation, Government-д нэлээд ач холбогдол өгөөд л бэлдээд байсан, тэр 2 дээр нэг их том сүртэй тест, шалгалт надад ирж таараагүй. Жижиг сажиг онолын асуултууд бол бараг бүх сэдвээс байсан, санахгүй юмнууд их байсан. Аль жил гаруйн өмнө үзсэн юмнуудыг бол хүн яалт ч үгүй мартах юм байна лээ. Тэгэхээр Final Review-д ядаж 1 сар гаргаж бэлдмээр юм байна. Ер нь шалгалтандаа бүхэлд нь аль болох богино хугацаанд үр дүнтэй, эрчимтэй бэлдээд, мартаагүй байгаа дээрээ шалгалтаа өгнө гэдэг нь хамгийн зөв зам гэж ойлголоо.

BEC шалгалтын талаарх сэтгэгдэл:

BEC writing task тактик заалгасан болохоор маш амархан санагдаад, ядаж замдаа онгоцонд явж байхдаа номоо нэг гүйлгээд харчихвал, бизнесийн салбарт 20 жил ажилласан туршлага байна даа (mainly in Corporate planning), болно доо гэсэн бодолтой байсан боловч уншиж үнэхээр амжаагүй ээ, гэхдээ бас хоосонгүй, ямартаа ч гарчигласаан J.

BEC шалгалт үнэхээр л миний бодсон шиг номыг нь уншаагүй ч гэсэн туршлага дээрээ суурилаад, бас логикоор хариулчих асуултууд их байсан. Шалгалтын дундуур би Optional break-үүдээ хүртэл санаа амар аваад л, тайван асуултуудаа уншиж хариулаад л, цагтаа бүх ажлаа дуусгасан, даанч шалгалт дуусахад 20 гаруй минут дутуу байхад сүүлийн Testlet 5-ын эхний writing task –аа хийчээд, дараачийн 2 руугаа Submit хийж байж шилжих юм шиг санагдаад Submit дараад шалгалтаа дуусгачихсан. Зүв зүгээр тайван хийгээд авч болох байсан 10 оноогоо өөрийнхөө тэнэг, хайхрамжгүй, яаруу, адгуугаасаа болоод алдчихсан.

Гэхдээ би огт харамсахгүй байнөө. Юм нүдтэй байдаг гэж, огт уншаагүй шахам байж цагаа тулахаар хүн шуналтай юм, бас тэнцчих санаатай байгаа юм J. BEC шалгалт дээр IT-н асуултууд их байсан, IT-н компанид олон жил ажилласан туршлага маань их хэрэг болсон байх гэж найдаж байгаа, ерөнхийдөө логик, туршлага шаардсан асуултууд байна гэж харсан. Бас компанийн үнэлгээ хийх, 8 өөр компанийн санхүүгийн мэдээлэлд үндэслээд аль бизнесээс гарах эсвэл худалдаж авахыг шийдэх нэлээд том TBS ирснийг нэлээн гайгүй хийчихсэн гэж хувьдаа бодож байгаа. Бүдэг бадаг санаж байсан, бас томъёог нь сайн мэдэхгүй зүйлс бас нэлээн байсан, NPV тооцох г.м (ажил дээр бол бэлэн экселийн formula ашиглаад бодчихдог болохоор). Ямартаа ч өөрийнхөө хувьд би BEC шалгалтыг Pass хийсэн, боломжийн гэсэн дүн өөртөө тавьж байгаа. Үр дүн яаж гарахаас үл хамаараад.

Эцэст нь хэлэхэд, сүүлийн 14 хоногт надад бүх талаар тусласан Mintu багшдаа хамгаас их талархаж байна. Нойргүйдэл, хувийн асуудал гээд бүх зүйл давхацсан, намайг үнэхээр сорьсон өдөр хоногууд байсан. Mintu багш маань надад нойргүйдлийг шийдэх бясалгалын сет хүртэл өгч сонсуулж байсны ачаар сүүлийн 14 хоногт өдөрт ядаж 2-3 цаг унтаж байсны хүчинд энэ бүх сорилтыг давж гарсандаа баяртай байна. “За яршиг амь биш заяа биш зүгээр л зугаалчаад ирье” гэх бодлууд хүртэл орж ирж байсныгаа нуухгүй ээ.

Мөн Ундраадаа туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж, миний дахин дахин утасдахыг цаараглалгүй үнэтэй зөвлөгөөнүүдээ өгч, туршлагаа хуваалцаж байсанд маш их талархаж байна.

Битүүхэн дотроо бол би аль аль шалгалтандаа тэнцээгүй байгаасаа гэж хүсч байгаа, яагаад гэвэл миний бэлтгэл хангалтгүй байсан. Надад өгөгдсөн нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж амжаагүй (Online Final Review, Flash cards, SMQ’s гээд л). Сүүлийн 14 хоногт л яг зөв, хурдан хугацаанд, үр дүнтэй сурах арга барилаа олж авлаа. US CPA шалгалтанд маш өндөр оноотойгоор тэнцэх бүрэн боломжийг GAPE, Becker маань бидэнд олгосон байгааг мэдэрлээ. Энэ л миний хувьд хамгийн том ололт амжилт. Шалгалтандаа тэнцээгүй байвал би дахиад 4 шалгалтаа маш богино хугацаанд өндөр оноотойгоор амжилттай өгнө гэдгээ мэдэж байна. Бас CPA хүний эзэмшвэл зохих мэдлэгийг ч баттай эзэмшиж авмаар байна.

Оюундэлгэр маань надаас хэд хоногийн өмнө түрүүлээд Guam-д очсон байсан болохоор шалгалт өгөх процессын хувьд Дээгий маань надтай туршлагаа хуваалцаад, бид 2 хоёрхон хоног хамт байсан хэдий ч туршлага мэдлэгээ солилцоод, сэтгэл санаагаа хуваалцаад сайхан байсаан.

Ямар ч гэсэн шалгалтын үр дүн яаж гарах нь миний хувьд их л сонирхолтой байна одоогоор. Гэхдээ дүнгээ хүлээлгүйгээр AUD, REG хоёрынхоо бэлтгэл рүү өнөөдрөөс ханцуй шамлан орж байна.

Та бүхэн ч бас надтай адилхан сорилт дундуур явж байгаа болохоор миний өчүүхэн туршлага та нарт минь илүү итгэл найдвар өгөөсэй хэмээн энэ урт тэмдэглэлийг бичлээ. Залхаасан бол уучлаарай.

Хүндэтгэсэн,

Урнаа нь

2019.04.07"