top of page

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

Updated: May 11, 2021

С. Солонго


1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ? Анх нягтлан бодогч мэргэжлээр сурах эсэхдээ эргэлздэг байлаа. Нягтлан бодогч мэргэжил нь хэвшмэл, хязгаарлагдмал мэргэжил мэт санагдаж байсан. Одоо хамт ACCA-ээр сурч буй найзаасаа энэ хөтөлбөрийн талаар анх сонссон. Энэхүү цолыг авснаар маш их боломжуудын үүд хаалга нээгдэж бүр цаашлаад дэлхийн тавцанд ажиллах боломжтойг ойлгоод бодол минь өөрчлөгдсөн. 2. АССА-ийг сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурдвал. ACCA-г сонгох болсон шалтгаан маш олон бий. ACCA нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр стандарттай учир ажил олгогчид маш дуртай байдаг ба энэ цолыг авснаар хүссэн улс, хүссэн салбартаа чөлөөтэй ажиллах боломжийг нээж өгдөг. ACCA нь байнга шинэчлэгдэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн сурагч нараа бэлтгэдэг учраас үргэлж боловсорч, байнга сурч байх боломжийг олгодог нь их таалагддаг.

3. GAPE-ийн бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв? GAPE-ийг сонгон суралцах хамгийн гол давуу тал нь ACCA сургалт явуулах туршлагатай, GOLDEN STATUS-тай, мэргэжлийн багш нар хичээлээ маш чанартай өндөр түвшинд заадагт байсан. Анх юу ч мэдэхгүй, сонгосон мэргэжилдээ эргэлзсэн охин ACCA-ийн талаар лавлаж уулзахаар орж байлаа. Ихэнх байгууллагуудаар ороход хүмүүс хүйтэн хөндий хүлээж авдаг тохиолдол Монголын нийгэмд их шүү дээ. Гэтэл дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн сургалт явуулдаг байгууллага болохоор маш тухтай орчинд халуун дотноор хүлээж авч нягтлан бодогч, ACCA- ийн талаар дэлгэрэнгүй ярилцан зөвлөж сонгосон мэргэжилдээ итгэлтэй болоход тусалсан учраас GAPE-ийг сонгон суралцах болсон.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт. GAPE бидэнд суралцах бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тухтай ширээ сандал, анги танхим, cурах бичиг, компьютер зэрэг суралцахад хэрэгтэй боломжит хэрэгслүүд маш сайн хангагдсан. Миний хувьд мэргэжлийн өндөр түвшинд заадаг, туршлагатай, найрсаг, найз шиг ярилцаж хичээлээ ордог, сурагч нараа гэсэн сэтгэлтэй багш нартай нь илүү давуу тал юм шиг санагдсан. Мэдэхгүй зүйл гарч ирвэл хичээлийн бус цагаар байсан ч сэтгэлээрээ зааж өгдөг. Бусад ACCA хөтөлбөр явуулдаг сургуулиудаас хамаагүй бага зардалтайн дээр мэргэжилтэй хамааралгүй хичээлүүдийг үздэггүй, хамгийн гол хичээлдээ төвлөрөх боломж олгодог. Үүнийгээ дагаад шалгалтууддаа өндөр оноо авах, хичээлүүдээ хурдан үзэж дуусах боломжтой.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ? Бас нэгэн давуу тал нь сурах бичиг, хичээлүүдээ Англи хэл дээр үздэг. Одоогоор Англи хэл нь ажил хэргийн ертөнцөд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа хэл. Тийм ч учраас олон улсад үнэлэгдэхүйц болохын тулд Англи хэлтэй байх нь наад захын шалгуур болсон. Тиймээс Англи хэлээр хичээлээ үзэх нь Англи хэлийг мэргэжлийн түвшинд сурах том боломж билээ.

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу? Миний хувьд санхүүгийн мэргэжлийн үг хэллэг дээр бага зэрэг бэрхшээл тулгарсан. Гэхдээ багш нар маань цаг тухайд нь шинэ үгийг тайлбарлаж, ойлгуулж өгдөг байсан. Миний хувьд ACCA-ийн I түвшинг GAPE-д дүүргэсэн. Харин ACCA-ийн II түвшингээ Их Британи улсад хийхэд ямар нэгэн хэлний бэрхшээл тулгараагүйд GAPE-д маш их талархдаг.

7. Бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг гэсэн энэ талаар юу хэлэх вэ? Дээр дурдсанчлан үндсэн мэргэжлийн хичээлээ л голчлон ордог. Анх хичээлүүд нь маш хүнд гэж сонссон учир ойлгохгүй байхвий гэж бага зэрэг айж байсан. Гэхдээ багш нар маань хичээлээ маш ойлгомжтой заадаг, ойлгохгүй бол багш хамт олонтойгоо нээлттэй ярилцаж асуудлуудаа хамт шийдвэрлэдэг. Бусад сургууль шиг хамааралгүй хичээл үзэж цагаа үрдэггүй. Гэхдээ бид олон улсад үнэлэгдэх, Монгол улсаа төлөөлөх нэгэн болж буй учир "Эх Хэл Өв Соёл" хичээл нь өв соёлоо мартахгүй байх болон түгээн дэлгэрүүлэх, "Хувь Хүний хөгжил" хичээл нь ёс зүйд суралцах, "Хөгжмийн Хичээл" нь хүнд хичээлийн хажуугаар толгойгоо амраангаа нэг чадвараа хөгжүүлэхэд туслах зорилгоор маш сонирхолтой хичээлүүд сонирхолтой арга барилаар орж байсан.

8. Шалгалтын талаар ярина уу? Шалгалтууд маань компьютер дээр явагддаг. Олон улсын шалгалт учраас хуулах боломж байдаггүй мөн шалгалт өгч буй оюутан болгонд өөр өөр асуултууд ирдэг. Өөрийн сурч мэдсэнээрээ л шалгалтаа өгч үнэлүүлнэ гэсэн үг. Багш нар маань шалгалтад орохоос өмнө жишиг шалгалт буюу "Mock Exam" авдаг. Энэ нь сул байгаа хичээлийн сэдвээ тодорхойлох, түүн дээрээ анхаарах боломжуудыг гаргаж өгдөг. Мөн шалгалтын айдсыг багасгаж дардаг.

9. АССА-аар суралцсанаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ? АССА-аар суралцсанаар маш олон чиглэлд ажиллах мэдлэгийг хуримтлуулдаг. Тийм учраас аль чиглэлд ажиллахаа одоогийн байдлаар тодорхой шийдээгүй байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын талдаа илүү сонирхож байгаа.

10. GAPE-ийг цөөн үгээр илэрхийлбэл Олон улсын тавцанд хүрэх боловсролыг өндөр стандартаар гэр бүл шиг найрсаг орчинд эзэмших боломжийг олгож байгаа билээ. GAPE-дээ маш их баярлалаа.

27 views0 comments
bottom of page