top of page

Мэргэжлээ зөв сонгоход туслах ТАВАН АЛХАМ

Бид амьдрал дээр мэргэжлээ зөв сонгохын ашиг тусыг маш сайн мэднэ.

Гэхдээ мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, өөрийнхөө сонголтыг зөв байна уу, үгүй юү гэдгээ тэр бүр мэддэггүй. Мэргэжлээ зөв сонгосон эсэхээ мэдэхийн тулд эсвэл зөв сонгохын тулд хамгийн эхлээд “Би хэн бэ” гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Учир нь энэ таны амьдрал, та гол дүр нь, таны сонголтоор аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах эсвэл өөрийнхөө хийсэн мэргэжил сонголтод сэтгэл дундуур хандах, таалагдаагүй ажил, хэзээ ч нөхөж чадахгүй алдсан цаг хугацаанд харамсч амьдрах гээд олон таагүй асуудалтай нүүр тулах болно.

HЭГДҮГЭЭР АЛХАМ: МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭ ЗӨВ СОНГООРОЙ

Хүн төрөлхтөн одоогийн байдлаар 40 мянга гаруй мэргэжлээр бие биедээ үйлчилгээ үзүүлж байна гэсэн дүгнэлт байдаг аж. Эдгээр мэргэжлийг харилцах чиглэлээр нь дараах таван үндсэн хэсэгт хуваадаг. Үүнд:

1. Хүнтэй харилцдаг мэргэжлүүд / Цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэдээлэл, соёл сурталчилгааны ажилтан, хилийн алба, мөрдөн байцаагч, сэтгүүлч гэх мэт/

2. Техниктэй харилцдаг мэргэжлүүд /Шүүх шинжилгээ, гамшгаас хамгаалах алба, гал түймэртэй тэмцэх алба, замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба гэх мэт инженер, техникийн чиглэлийн мэргэжлүүд орно/

3. Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /Малын эмч, биологич, ой судлаач, ус хэмжигч гэх мэт /

4. Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /Нягтлан бодогч, программ хангамж гэх мэт/

5. Уран сайхны дүр, зохиол бүтээлтэй харилцдаг мэргэжлүүд /Зохиолч, жүжигчин, дуучин, бүжигчид гэх мэт/ Эдгээрээс өөрийн сонирхож буй мэргэжлийнхээ чиглэлийг зөв сонгож тодорхойлоорой.

ХОЁРДУГААР АЛХАМ: ӨӨРИЙГӨӨ СОРИОД ҮЗ

Өөрийнхөө юу хийж чаддаг, юу хийж чаддаггүй, юунд сэтгэл ханамжтай байдаг, юунд гонсойдог, илүү сайн хөгжсөн онцлогуудаа мэдэх хэрэгтэй. Чи юу хүсэж байна гэдгээ мэд. Үүний тулд мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж болно. Интернэт болон бусад эх сурвалжид байгаа мэргэжил сонголтын сорилоор өөрийгөө сорьж үзээрэй.

ГУРАВДУГААР АЛХАМ: БОДИТ БАЙДЛЫГ САЙН СУДАЛ

Сонгосон мэргэжлийн чинь чиглэлээр бодит амьдрал дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, тухайн мэргэжлийн нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын талаар ярилцаад үз. Ялангуяа, мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцах, тэднээс зөвлөгөө мэдээлэл авах нь танд хамгийн сайн туршлага болно.

ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ: ТУХАЙН МЭРГЭЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ СУДАЛ

Аливаа ажил мэргэжил тодорхой авьяас чадвар, нөөц боломж, сэтгэл зүйн онцлог шинж чанаруудыг шаарддаг. Иймээс сонгох гэж байгаа мэргэжил чинь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг, чадамж, авьяас сонирхол, хүсэл тэмүүлэл, сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг шаарддаг болохыг урьдчилан мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд тухайн мэргэжилтнийг сонгон шалгаруулах талаар гарсан заруудтай танилцаж, мэргэжилтэнг сонгодог хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцаж болно.

ТАВДУГААР АЛХАМ: МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГУУЛИА СОНГО

Дээрх алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай. Учир нь чиний сонирхсон мэргэжлийг олгодог улсын болон хувийн их, дээд сургууль олон бий. Тиймээс тухайн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн чанар чансаа, магадлан итгэмжлэл, тухайн хөтөлбөрийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал, багш нарын ур чадвар, оюутнаа хэрхэн дэмжиж тусалдаг, сургалтын төлбөр, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж одоо суралцаж буй оюутны амжилт, төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж буй хувь, номын санд буй номын хүрэлцээ, хамгийн гол нь суурь зохиолууд болон сүүлийн үеийн ном бүтээл, мэргэжлийн сэтгүүлүүд захиалдаг эсэх, оюутанд өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог эсэх, зөвхөн онол биш дадлагын ажилд анхаардаг эсэх, оюутны хөдөлмөрийн биржийг дэмждэг эсэхийг нь харьцуулан үзсэний эцэст сонголтоо хийх нь чухал юм. Үүний тулд тухайн сонирхсон мэргэжлээр бэлтгэдэг их, дээд сургуулиудаар зочилж, багш, оюутнуудтай нь уулзаж болно.


Өсвөр насны хүүхэд, залуусын хувьд амжилттай яваа хэн нэгнийг даган дуурайх нь элбэг байдаг. Тэднээс үлгэр дууриал авах нь зөв боловч даган дуурайх нь заримдаа биднийг төөрөгдүүлж орхидог. Ийм мэргэжилтэй хүмүүс амжилттай байж, нийгэмд нэр хүндтэй, сайхан амьдарч байна гэж хардаг. Энэ хүмүүс бол өөрт тохирсон мэргэжлээ зөв сонгож, зөв цагт зөв зүйл хийж яваа юм. Тиймээс эдгээр хүний арга барилаас үлгэр дууриал авахаас биш мэргэжил, амьдралыг нь даган дуурайх албагүй юм. Учир нь та бол цор ганцхан хувь бүтээгдсэн хүн. Тиймээс өөрт тохирсон мэргэжлээ зөв сонгож, ажил хөдөлмөртөө дурлаж, түүнийгээ чин сэтгэлээсээ хийж чадах юм бол яг л тэдэн шиг тухайн салбартаа амжилттай ажиллаж, аз жаргалтай амьдарч чадна.


91 views0 comments

Commentaires


bottom of page