Санхүү бизнесийн түнш нь байгууллага дахь санхүүгийн мэргэжилтэн бөгөөд өдөр тутмын бүртгэлээс илүүтэй стратегийн гарц үр дүнд нөлөө үзүүлэхүйц идэвхитэй үүрэг гүйцэтгэгч нэгэн байна.
Санхүү бизнесийн түнш нь маш өргөн хүрээг хамрах ч заримдаа удирдлагын нягтлан бодогчийн шинэ ажлын байрны нэр төдий хэрэглэж байгаа нь харамсалтай. Санхүү бизнесийн түнш нь бизнесийн оролцогч талуудын итгэлийг бүрэн хүлээсэн, бизнесээ дотор гадаргүй мэддэг, юу болж байгаа болон болох гэж буй талаар маш сайн ойлголттой нэгэн юм. Энэ түвшинд хүртэлх хэд хэдэн чанар болон чадварыг хөгжүүлэх хэрэгтэй ч, алийг нь ч сургуульд болон мэргэшсэнд бэлдэж байхад хөгжүүлэх боломжгүй байдаг нь харамсалтай.
Ерөнхийдөө СБТ нь санхүү, НББ-ийн ажлын ирээдүй юм. Өдөр тутмын бүртгэл, гүйлгээний бүртгэлийг автоматжуулж, machine learning, IT хэрэглэж байгаа энэ үед нягтлан бодогч, санхүүчдийн ажлыг илүү сонирхолтой, үнэ цэнэтэй болгоход чиглэж байна. Бизнесээ үнэхээр сайн бизнес болоход туслах боломжтой байна.
Санхүү бизнесийн түнш нь хэдийгээр түгээмэл нягтлан бодох бүртгэл, санхүүгийн арга техникийг ашигладаг ч, зөвхөн санхүүгийн мэдээлэл бэлтгэхээс илүүг хийдэг. Гол үүрэг нь удирдлагын шийдвэр гаргалтад чухал үүрэг гүйцэтгэж, санхүүгийн мэдээлэлд тулгуурлаж гарц үр дүнд нөлөөлөх, түүнийг бий болгоход чиглэнэ.
Байгууллага бүрийн СБТ-ээс хүлээх зүйл өөр өөр боловч түгээмэл хүлээлтүүд:
Итгэлт зөвлөгч
Инцлүүнсэр
Ойлгомжтой бизнесийн хэл
Санхүүгийн онц чадварууд
Үнэ цэнэтэй мэдээлэлд чиглэсэн
Үйлчлэх mindset
Шийдвэр гаргагчдыг дэмжих
Стратегийн сэтгэгч
Үр дүнтэй СБТ бусад алба нэгжүүдтэй ярилцаж ойлголцдог, харилцааны болон сонсох чадвартай, бусадтай нээлттэй бөгөөд итгэл даах харилцаа үүсгэдэг.
Хамгийн үр дүнтэй байгууллагуудад бусад алба нэгжүүд СБТ-д дуртайяа асуудлаа хэлж хэлэлцдэг. СБТ дэмжлэг үзүүлэхээс гадна бизнесийг юу хийж байгаа болон яагаад хийж байгааг асуух, сорих чадвартай байх ёстой. Жижиг асуудлыг ч нээлттэй ярилцдаг болсноор шийдлийг хурдан олж асуудлыг даамжирхаас сэргийлнэ.
Санхүүгийнхэн цагдаа шиг аашлахад бусад нэгжүүд асуудлыг нууж хаахыг оролддог. Харин бизнесийн итгэлт түнш байхад асуудлыг нуухаас илүүтэй нээлттэй болно.
Хэрхэн үр дүнтэй Санхүү бизнесийн түнш болох вэ?
Гол анхаарлаа зардалд бус нэмүү үнэ цэнд хандуулах хэрэгтэй. Зоосны нүхээр бүхнийг харахаас илүүтэй бизнесийн дотоод болон гадаад орчинг ойлгоход тусласнаар стратегийн болон санхүүгийн зорилтуудад хүрэхэд туслана. Санхүүгийн баг ертөнцийг цэвэр санхүүгийн өнцгөөс бус удирдлагын өнцгөөс харахыг хичээж эхлэх хэрэгтэй. Мөн бусдын хүндэтгэл болон итгэлийг хүлээхэд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэх шаардлага үүсч байна. Харилцааны болон нөлөөлөх чадварууд дээр ажиллах хэрэгтэй, учир нь эдгээр нь хүн бүрд төрмөл байдаггүй.
Бизнесийн оролцогч талуудтай харилцаж байхдаа бусад хүмүүс өөртэй тань хэрхэн харьцаасай гэж хүсч байгаатай ижил харьцаж чадаж байна уу үгүй юу гэдэгт анхаараарай.
Бусдын хэлсэнг ойлгохыг хичээж, хэлж ярьж буй зүйлийг бүрэн дүүрэн ойлгоход анхаарч буй эсэх нь чухал юм. Энэ нь бусдын байр суурийг бодитоор гүн гүнзгий ойлгоход ихэд тустай. СБТ бусдад ярих боломж олгох хэрэгтэй. Үүнд, бусдын яриаг таслахгүй гүйцэт сонсох, анхааралтай сонсож буйгаа биеийн хэлэмжээр мэдэгдэх, ойлгосон зүйлээ дахин давтаж бататгах гэх зэрэг багтана.
Хэрвээ санхүүч бизнесийн багийн нэг хэсэг байхыг хүсч байвал багийн бүтцэд орох хэрэгтэй. Хэрвээ нэг өрөөнд дандаа санхүүгийнхнээр хүрээлүүлэн сууж байвал энэ бүтэхгүй. Харин хамтарч ажиллаж байгаа бизнесийн багтайгаа хамт ажиллах хэрэгтэй.
СБТ болоход учирч буй бэрхшээлүүд
Буруу ойлголт - нягтлан бодогч, санхүүчдийг "уйтгартай" гэсэн түгээмэл ойлголт байдаг. Аль болох бизнесийн багийнхнаас "уйтгартай" гэх тодорхойлолт авахгүйн төлөө хичээж ажиллах хэрэгтэй.
Хувийн зан чанар - бусдыг ойлгох, бусдын гутлыг өмсөөд алхаж үзэх хэрэгтэй. Энэ бол мэдээж хэнд нь ч заагаагүй, өгөгдөөгүй чадвар. Борлуулалтын ажилчдыг маш олон сургалтад хамруулж сайн борлуулагч болгодогтой ижил яагаад санхүүчдийн харилцааны чадварт хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж?
Байгууллагын саад :
Сорих эрх - Бизнесийн талаар сайн ойлголттой болж хувь нэмэр оруулъя гэвэл борлуулалтын болон инженерийн багийн хуралд оролцох боломжтой байх хэрэгтэй. Гэвч хүмүүс цагдан шалгах гэж байна хэмээн бодоод олигтой ярьж өгөхгүй, үгээ зөөж ядах болно. Иймд оролцох, сорих эрхийг нь өгөх хэрэгтэй. Бусад нь санхүүгийнхнийг хараад "Аан энэ хэд маань бидэнд туслах гээд байгаа юм" гэж боддог болох хэрэгтэй.
Технологи - Зарим санхүүгийнхэн цагийнхаа 50%-ийг гүйлгээний бүртгэл хийхэд зарцуулдаг бол, бүр 80 хүртэлх хувийг зарцуулдаг ч хүмүүс байна. Гэтэл хамгийн сайн санхүү бизнесийн түншүүд ажлын цагаа 100% бусадтай харилцахад зарцуулдаг. Тэд бизнесээ ойлгох, үнэ цэн нэмэх, сайжруулахад анхаардаг. Тиймд байгууллага нь технологийн боломжийг ашиглан уйтгартай ажил бага хийж бизнесийн түнш байх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Дээрх бэрхшээлүүдийг даван туулахад санхүүгийнхэн өөрсдөө ур чадвараа хөгжүүлэх, ялангуяа харилцааны болон нөлөөллийн чадвар, мөн байгууллага дахь зохион байгуулалтыг өөрчлөх (бизнесийн гүн рүү нэвтрэх эрх, итгэл, ойлголцол), буруу ташаа ойлголтыг (уйтгартай, бичиг цаас нэхдэг, хэрэггүй цаг үрсэн ажил хийдэг) залруулахад дээд удирдлагын дэмжлэг туслалцаа ихэд шаардагдана.
Дээд удирдлагын хувьд санхүүг бизнесийн түнш мэтээр зохион байгуулвал бизнесийн багт санхүүгийн хэлийг ойлгомжтой, ердийн үгээр ярьдаг, бизнесийн дүр зургийг тайлбарлаж тайлдаг, гарц гаргалгааг олоход тусладаг хамтрагч, туслагчтай болж байнаа л гэсэн үг.
Харин санхүүчдийн хувьд мэдлэгийн төлөө ангуучлах, бизнес хэрхэн явагдаж буй болон яагаад гэх талаар олж мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх нь санхүү бизнесийн түншид онц чухал.
Дараагийн цувралд Санхүү бизнесийн түнш байхад хэрэглэгдэх түгээмэл арга хэрэгслүүдийг танилцуулна.
Comments