Ажлын ёс зүй олон янзаар тодорхойлогдох ба өөрт байгаа бүхнээ зориулах, хариуцлагатай байх зэрэг ажлын байран дээр шаардлагатай чухал ур чадваруудын нийлбэрийг ажлын ёс зүй гэж хэлж болно. Ажлын ёс зүй сайтай хүн өгөгдсөн даалгаврыг илүү сайн гүйцэтгэж, хамт ажилладаг хүмүүстэйгээ илүү сайн харилцаа тогтоож, ирээдүйд ахин дэвших эерэг зураглалыг өөртөө бий болгодог. Тиймээс энэ удаа ажлын ёс зүй гэж юу болох талаар, яагаад чухал мөн хэрхэн суулгах талаар мэдээллийг хүргэж байна.
Ажлын ёс зүй гэж юу вэ?
Ажлын ёс суртахуун нь шаргуу хөдөлмөр хамгийн чухал гэх санаан дээр тулгуурласан хэд хэдэн ёс суртахууны зарчмуудын нийлбэр юм. Хэрвээ та ажил дээрээ ёс суртахуун сайтай хүн бол итгэл даасан, хүндлэгдсэн, бүтээлч, бусадтай хамтран ажиллах боломжтой болохоос гадна бусад чадваруудыг олж авах болно. Жишээ нь: Та ажлаа чухал гэж үздэг, өөрөөсөө шаардах бүх хүчээ зориулах хэрэгтэй гэж боддог бол ажилдаа цагтаа ирэх, өгөгдсөн ажлыг дуусах хугацаанаас нь өмнө амжиж гүйцэтгэх зэргийг хийх хэрэгтэй. Ажлын ёс зүйтэй болох маш олон аргууд бий. Гэхдээ цаг сайн барих, хүмүүстэй эелдэг, зөв харьцах зэрэг энгийн, жижиг зүйлс дээр анхаарснаараа энэ ур чадварыг өөртөө суулгаж болно.
Ажлын ёс зүй яагаад чухал вэ?
Ажлын ёс зүйтэй болсноороо карьерын хувьд зорьж буй зорилгодоо хүрнэ. Эдгээр ур чадварыг эзэмшсэнээрээ ажлыг чанартай хийж гүйцэтгэх, хамтрагч нартайгаа сайн харилцаатай, байгууллагын үнэ цэнийг өсгөх чухал ажлуудыг амжилттай дуусгахад сайнаар нөлөөлөхөөс гадна сайн үнэлгээ авах, өөр ажилд ороход сайнаар нөлөөлөх зэрэг давуу талуудтай. Итгэл даахуйц ажилтан гэдгээ харуулснаар илүү хариуцлагатай болж, олон боломжууд нээгдэнэ. Нөгөөтэйгүүр ажлын ёс зүйтэй байх нь удирдагч хүнд байх чухал чадваруудын нэг юм. Ажлын ёс зүй сайтай байснаараа багийн чухал гишүүн гэдгээ харуулж, карьерын хувьд ахиж дэвших, удирдлагын байр сууринд хүрэх боломжийг нээж өгдөг.
Ажлын ёс зүйг тодотгодог ур чадварууд
Ажлын ёс зүйтэй байхын тулд хэд хэдэн чадваруудыг өөртөө суулгасан байх хэрэгтэй. Тиймээс дараах хэдэн гол ур чадваруудыг хүргэе:
Ажилдаа мэргэшсэн байх
Ажилдаа мэргэшсэн байх нь таны гадна харагдах байдлаас тодорхой харагддаг байх ёстой. Зөв зохистой хувцаслаж, хүмүүстэй эелдэг, найрсаг ханддаг байх хэрэгтэй. Түүнчлэн ямар ажлыг хэрхэн хийхээ мэддэг байх нь чухал.
Хариуцлагатай байх
Хариуцлагатай байснаараа өөрийнхөө ажлыг бусдын туслалцаа, хараа хяналтгүйгээр бие даан удирдан, хийж гүйцэтгэх чадвартай болно. Хэрвээ та хариуцлагатай нэгэн бол таныг өгөгдсөн ажил, төсөл зэргийг хийхэд хариуцлагатай, хувь нэмрээ сайн оруулдаг нэгэн гэдгээр багийнхан тань харах болно. Хариуцлагатай хүмүүс өөрсдөөс нь юу хүсч байгааг мэддэг, хүлээлтэд хүрч чаддаг.
Сахилга баттай байх
Ямар ч хүнд даалгавар байсан ажилдаа төвлөрч, дуусгах чадварыг хэлнэ. Цагаа сайн удирдах нь сахилга батыг суулгах хамгийн чухал алхам юм.
Шударга байдал
Ажил дээрээ үнэнч шударга байх нь аливаа ажлыг хурдан хугацаанд, чанартай хийж гүйцэтгэхэд тусалдаг. Санал бодлоо хуваалцах, төслийн санаа гаргах, алдаа гаргах зэрэг үедээ шударга байх гэж хичээх хэрэгтэй. Ажил дээрээ гаргасан алдаагаа засан өөрийгөө сайжруулах нь илүү эрсдэл гаргах, бусдаас суралцах чадвартай гэдгийг батлан харуулахад тусална. Мөн хэн ч хараагүй байхад зөв үйлдэл хийдэг байх хэрэгтэй.
Даруу төлөв байх
Бусад хүмүүсийн туслалцаа хувь нэмрийн үндсэн дээр та амжилт гаргасан бол тэр хүмүүст талархлаа илэрхийлээрэй. Мөн танаас сайн ажилладаг хүнийг хүлээн зөвшөөрч, суралцах, бусдын үзэл бодлыг нь хүндэтгэн сонсох зэрэг чадваруудыг суулгах хэрэгтэй.
Зохион байгуулалттай байх
Сайн зохион байгуулалттай байх нь ажлаа цагтаа хийж дуусгахад туслахаас гадна бусад хүмүүстэй оновчтой ярих, ажлынхаа талаар зөв хүлээлттэй байх зэрэгт сайнаар нөлөөлдөг. Ажлын ширээ, компьютер, календарь, тэмдэглэлээ эмх цэгцтэй байлгах зэргээс эхэлж болно.
Ажлыг чанартай хийх
Ажлыг цагт нь хийж дуусгах нь чухал боловч чанартай хийж, бүх шаардлагуудыг хангасан байх нь мөн адил чухал юм. Хэрэв дахин нягтлах, илүү цаг болон хүчин чармайлт зарцуулах ажлыг хурдан хийж дуусгаад байвал ажлын ёс зүй сайтай гэж тодорхойлоход хэцүү болно.
Багийн ажиллагаа
Бусад хүмүүстэй сайн хамтарч ажилладаг байх нь ажлын ёс зүйний үндсэн шалгу
уруудын нэг юм. Хамтрагч нараа хүндлэх, зөв харилцааны ур чадвартай байх, бусдыг ойлгосноороо хамт ажилладаг хүмүүстэйгээ хэрхэн харьцах арга барилаа олж мэднэ. Ингэснээр нэг зорилгын төлөө багийн нэг хэсэг болон ажиллахад илүү хялбар байх болно.
Цагийн менежменттэй байх
Ажлыг хийж дуусах хугацаа, уулзалтын цагийг зөв удирдаж сурах нь ажил дээр хийх хамгийн чухал зүйлсийн нэг юм.
Comments