“Critical thinking” гэж юу вэ?
“Critical thinking” гэдгийг монгол хэлэнд ихэнх тохиолдолд “Шүүмжлэлт сэтгэлгээ” гэж орчуулдаг боловч энэ нь бүх зүйлийг шүүмжлэх, буруутгах гэсэн утгатай ойлголт биш юм. Харин аливаа зүйлийн цаад учир шалтгааныг тунгаан бодож, цаашлаад баримт нотолгоон дээр үндэслэн анализ хийх, мэдээллүүдийн хоорондын логик уялдаа холбоог ойлгож үнэн зөв дүгнэлт гаргах чадварыг хэлдэг .
Критикал сэтгэлгээ яагаад чухал вэ?
Хамгийн түрүүнд критикал сэтгэлгээ сайтай хүмүүс аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө шууд хандаж, хүлээн зөвшөөрөхөөс илүү үнэн бодит байдлыг бататгаж, асуудлын цаад учир шалтгааныг судалж, өөр өнцгүүдээс харах, дүгнэлт гаргах чадвартай байдаг.
Мөн түүнчлэн өнөөгийн зах зээлд ихэнх ажил олгогчид ажилчдаа логик сэтгэлгээгээ ашиглан бодит нөхцөл байдалд үнэлгээ хийж тохирсон зөв шийдвэр гаргах чадвартай байхыг хүсэх болсон. Тийм ч учраас критикал сэтгэлгээ нь хүмүүсийн эзэмших шаардлагатай чухал чадваруудын нэг болсоор байгаа юм .
Критикал сэтгэлгээг хөгжүүлснээр дараах чадваруудыг эзэмших боломжтой:
Мэдээлэл хоорондын уялдаа холбоог ойлгох
Аливаа мэдээллийн ач холбогдол, чухал байдлыг ойлгож таних.
Мэтгэлцээнийг бий болгох, асуулт асуух, асуудал дэвшүүлэх
Алдаа, дутагдалтай зүйлсийг таних
Асуудлыг илүү системтэй арга замаар, тууштай авч хэлэлцэх
Өөрсдийн гаргасан үнэлгээ, шйидвэрийг эргэцүүлж бодох, мэдээллийн үнэн зөвийг ялгах
Боломжит шийдлүүдийг дэвшүүлэх /хайрцагнаас гарч сэтгэх/
Гаргасан шийдвэрээс хамаарч цаашид гарч болох үр дагавруудыг урьдчилан таамаглах
Критикал сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ?
1. Шийдвэр гаргах байдалдаа үнэлгээ хийх
Өдөр тутамдаа хийж буй сонголт, гаргаж буй шийдвэрүүдээ ажиглах. Ажигласны дараа дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Ямар зорилгоор уг шийдвэрийг гаргасан бэ? Зорилгодоо хүрсэн үү? Өөрийн хүсэл сонирхлоос эсрэг шийдвэр гаргаж байсан уу? Ингэж ажиглалт хийж асуулт асууснаар шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөө дагадаг эсвэл сайн бодож, эргэцүүлдэг эсэхээ мэдэж авах боломжтой.
2. Зөвхөн өөрийн үзэл бодлыг дагахаас зайлсхийх
Ихэнх хүмүүс зөвхөн өөрт зөв санагдсан, таалагдсан зүйл дээрээ тулгуурлаж асуудлыг дүгнэж үнэлдэг. Харин критикал сэтгэлгээтэй байхын тулд таны зөв гэж үзэж байгаагаас өөр ямар боломжит шийдэл байж болох талаар бодож үзэх хэрэгтэй. Өөрийн сэтгэл хөдлөл, итгэл үнэмшилд тулгуурлаж шууд шийдвэр гаргахгүй байхыг хичээгээрэй.
3. Бусдыг сонсож чаддаг байх
Хүмүүс ихэнх тохиолдолд бусдын ярьж байгаа зүйлд анхаарал хандуулж сонсохын оронд хэрхэн асуултад хариулах эсвэл юу асуух талаараа боддог байна. Тиймээс чухал нарийн мэдээллүүдийг орхигдуулах, бусдын хэлсэн санааг бүрэн ойлгохгүй байх тохиолдол элбэг байдаг. Харин та критикал сэтгэлгээгээ хөгжүүлэхийг хүсч байгаа бол дараагийн удаа хэн нэгэнтэй харилцан ярихдаа шууд хариу хэлж, яриаг нь тасалдуулахаас илүү тэр хүний ярианд анхаарал хандуулж, гол утга санааг нь ойлгохыг хичээх хэрэгтэй.
4. Мэдээлэлд анализ хийх
Мэдээлэл цуглуулах нь критикал сэтгэлгээний эхний шат бол дараагийн шат нь өөрийн хүссэн мэдээллийг олох, зөв шийдвэр гаргахын тулд цуглуулсан мэдээлэлдээ анализ хийх, дүн шинжилгээ хийх юм. Дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй.
Мэдээллээ ямар эх сурвалжаас олсон бэ?
Таны цуглуулсан мэдээлэл бүгд үнэн зөв байна уу?
Мэдээллийн дутагдалтай тал, өөр бусад баримт мэдээллээс ялгаатай тал байна уу?
Таны гаргасан санааг дэмжиж нотлох баримт нотолгоо байгаа эсэх
5. Сониуч байх
Өмнө нь хэн нэгэн таны ярьсан зүйл, тайлагнасан мэдээллийг нэг бүрчлэн лавлаж, асуулт тавьж таныг эвгүй байдалд оруулж байсан уу? Хэрвээ тийм бол та критикал сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд яг л тэр хүн шиг сонссон, уншсан мэдээлэл бүрдээ яагаад гэсэн асуултыг тавих хэрэгтэй. Хүн бүрийн хэлсэн, ярьсан зүйлд итгэж, үг дуугүй хүлээн зөвшө
өрөөд өнгөрөхийн оронд өөрийн сониуч байдлыг нэмэгдүүлж, олж мэдсэн зүйлээ үргэл
ж баталгаажуулж байх нь чухал.
Comments