2019 онд нягтлан бодогчдын эзэмших хэрэгтэй 5 ур чадвар

Энэ жил ажил олгогчид техник технологитой харьцаж чаддаг, дата анализ хийдэг, харилцааны ур чадвартай нягтангуудыг ажилд авахаар хайж байна. Уг салбарт өндөр ур чадвартай нягтлан бодогчид байнгын эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн билээ. Энэ жил ч мөн ялгаагүй байх нь.

Нягтлан бодогчийн ур чадварыг олж авахын тулд цаг хугацаа, өөрчлөлт хийх эерэг хандлага хамгийн чухал байдаг. Иймээс та бүхэндээ ур чадвараа өсгөхөд туслах дараах мэдээллийг хүргэе.

1. Техник технологиос айх хэрэггүй

Программ хангамжийн ур чадвар нягтлан бодох бүртгэлийн салшгүй нэг хэсэг юм. Ажил олгогчид нягтлангуудаа программ хангамж дээр сайн ажиллаж чаддаг байхад болно хэмээн үздэг байсан бол Xero, Hyperion зэрэг бизнесийн салбарын мэргэжилтнүүдийн өргөн хэрэглэдэг нягтлан бодох бүртгэлийн тусгай програм хангамжийг өндөр түвшинд эзэмшсэн байхыг ажилчдаасаа шаардах болжээ.

“Техник технологи хурдацтай хөгжиж ихэнх зүйлс интернетийн тусламжтай онлайн серверт хадгалагддаг болсон учраас энэ хэрэгцээгээ дагаад өгөгдлийн сантай холбогддог аппликейшнүүдийг нягтлангууд бүрэн эзэмшсээр байна” хэмээн нягтлан бодогчдыг ажилд зуучилж өгдөг Benneaux фирмийн захирал хэлжээ.

Автоматжуулалт, технологийн эрин үеэс айхын оронд нягтлан бодогчид энэ үетэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Автоматжуулалт нь байгууллагын чадварлаг ажилчдад бизнесийн мөн чанар, үнэ цэнийг өсгөхөд анхаарал хандуулах боломжийг олгож байна. Тиймээс хүссэн албан тушаалдаа очихоор зорьж буй нягтлан бодогчид шинэ технологи бидэнд ямар боломжуудыг олгож байгааг судалж мэдэх хэрэгтэй.

2. Мэдээллийг дүгнэхэд суралц

Дан ганц мэдээлэл хянадаг системийг ашиглах нь хангалтгүй бөгөөд тухайн мэдээллийг бусдад тайлбарлаж өгч чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ стратегийн анализ хийж сурах нь карьераа өсгөх гүүр гэж бодож байвал карьерийнхаа дунд үед яваа нягтлангууд болоод ахлах нягтлан бодогчид мэдээллийг дүгнэж чаддаг байх шаардлагатай.

Энэ нь та хүснэгтэн мэдээллийг хараад зүгээр хэдэн тоо байна уу? Эсвэл үүний цаана илүү чухал мэдээлэл байна уу гэдгийг ялгаж, салгаж чаддаг шүүмжлэлт сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэсэн үг юм.

Аливаа мэдээллээс шийдлийг олж хардаг, бүтээлчээр сэтгэдэг хүмүүс нягтлан бодох салбарт өндөр эрэлттэй байгаа ба урт хугацааны төлөвлөгөө, шинжилгээ гаргаж чаддаг байх нь чухал юм. Дан ганц олон жил ажилласан нягтлан бодогч гэлтгүй энэ салбарт шинээр орж ирж байгаа залуус ч энэ ур чадварыг эзэмших боломжтой бөгөөд гагцхүү өөрсдийн ур чадвараа дутуу үнэлж болохгүй.

3. Харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй

Бидний хийх ажлуудыг техник технололги илүү хөнгөвчилж, бүхий л зүйл автомат болоход дөхсөн өнөө үед нягтлан бодогчид технологиор оруулж болшгүй ур чадваруудыг эзэмших хэрэгтэй. Хэрэв үйлчлүүлэгч тань нягтлан бодох салбарт ашиглагддаг мэргэжлийн үг хэллэг ойлгохгүй байвал санаагаа бичгээр, болон амаар товч бөгөөд тодорхой илэрхийлж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг юм.

Нягтлан бодох бүртгэлийн салбарт ажиллаад удаж байгаа, энэ салбарт шинээр орж ирсэн бүх хүмүүст бусдад санаагаа ойлгуулж, харилцаа үүсгэх чадвартай байх нь хамгийн чухал зүйл болж хувираад байна. Гэхдээ харилцааны ур чадварыг дан ганц ярихаар ойлгож болохгүй бөгөөд дарга, удирдлагуудынхаа хэлж буй санааг сонсох, ойлгох чадвар бас үүнд багтана.

4. Бусдыг манлайлж сурах

Хамт ажиллагсдаа манлайлж, удирдаж чаддаг нягтлангууд эрэлтэнд орж эхэллээ. Ажлын бүтээмжийг алдуулах, ажлыг үймүүлэх зэрэг муу удирдагчийн гаргаж болох сөрөг үр дагавруудыг бид сайн мэднэ. Тэгвэл бидний ажлын ихэнх хэсэг технологийн дэвшлийн тусламжтай хийгддэг болсон цаг үед бусдыг удирдаж, зохион байгуулж чаддаг чадвар нягтлангуудын заавал эзэмших зүйлсийн нэг болжээ. Тиймээс нябо нартаа эртнээс менежментийн сургалтанд сууж, ментортой болохыг санал болгож байна.

Бусдыг удирдахад суралц, ямар чухал болохыг нь та харах болно. Өөрийгөө чадна хэмээн урам зориг, түлхэцийг та өөртөө өгөөрэй.

5. Салбартаа мэргэших

Ажил олгогчид салбартаа мэргэшсэн нягтлан бодогчдын эрэлд гараад байна. Жишээ аваад үзвэл:

Хэрвээ ажил олгогч ундаа, ахуйн хэрэглээний бараа зэрэг хэрэглэгчдийн дунд гүйлгээ сайтай байдаг салбарт орж ажиллахыг хүсвэл түүнд энэ салбарыг арван хуруу шигээ мэддэг хүн хэрэг болно гэсэн үг. Тиймээс нягтлангууд ажлаа сайн хийж чаддаг байхаас гадна аль нэг салбарт маш сайн мэргэшсэн байх шаардлагатай.

Source: https://www.intheblack.com/articles/2019/03/06/enhance-your-accounting-skills?fbclid=IwAR1OhFogAUjQeLtS_f6b3Y1i7gTSYPBeJcB2zrtTnTm72JGFSCIPtYoyvzY