Өөрт тохирсон суралцах арга барилыг хэрхэн сонгох вэ?

Уламжлалт боловсролын системийн нэг дутагдалтай тал нь бүх хүнд ерөнхий тогтсон нэг сургалтын системийг тулгадаг явдал юм. Гэвч бодит байдал дээр бүх хүн өөрийн гэсэн ур чадвар, бодол сэтгэхүйтэй байх ба тэдний суралцах арга барил бусдаасаа ялгаатай байдаг.

Хэрвээ та өөрийн суралцах арга барилаа хайж олохыг хүсч байгаа бол хамгийн түрүүнд үндсэн дөрвөн арга барилын талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Эдгээр арга барилд нүдээр харж суралцах, сонсох, унших эсвэл бичих, туршилт дадлагаар суралцах гэсэн дөрвөн зүйл (VARK) багтана.

  • Нүдээр харж суралцах (Visual Learning) нь аливаа зүйлсийн дүрс, харагдах байдалд илүү анхаарч ханддаг хүмүүст тохирдог. Эдгээр хүмүүс нь ихэвчлэн аливаа зүйлийн харагдах байдлыг маш сайн тогтоох бөгөөд номны зураг, дүрс, бичвэрт илүү их ач холбогдол өгдөг.

  • Аудио буюу сонсож суралцах ( Auditory Learning) нь шинэ зүйлийг сурч мэдлэг хуримтлуулахдаа бусдын яриа, лекцийг сонсож ойлгодог хүмүүст тохирно. Тэд лекц, подкаст, аудио ном сонсож илүү сайн суралцдаг.

  • Уншиж эсвэл бичиж суралцах (Reading and Writing Learning) нь аливаа зүйлийг ном, бичвэрээс уншиж, тэмдэглэл хөтлөн бичиж суралцдаг хүмүүст тохирно. Эдгээр хүмүүс мэдлэг, мэдээллийг ном, бичвэрээс уншиж эзэмшдэг бөгөөд түлхүүр ойлголтыг тодруулж тэмдэглэж авснаараа аливааг илүү сайн тогтоож ойлгодог.

  • Дадлага, туршлагаар суралцах (Kinesthetic Learners) нь лекц сонсож, ном уншиж суухаас илүү бодит амьдрал дээр дадлага, туршилт хийхийг илүүд үздэг хүмүүст тохирдог. Тэд сургуулийн туршилтын лаборатори эсвэл хөдөлмөр, уран зургийн талбарт илүү үр дүнтэй суралцдаг.

Аливаа зүйлийг суралцахад эдгээр арга барилаас гадна танин мэдэхүйн үндсэн 5 чадвар маш чухал үүрэгтэй. Үүнд унших, суралцах, цээжлэх, логикоор учир шалтгааныг тунгаах, анхаарал хандуулах зэрэг багтана.

Одоо үед бид мэдэхийг хүссэн бүх зүйлээ интернетээс, YouTube, ted.com зэрэг вэб хуудсуудаас үзэж сонсон суралцах боломжтой болсон. Та гутлаа хэрхэн өнгөлөхөөс эхлээд шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг ч тэндээс олж мэдэх боломжтой. Та өөрт тохирох суралцах арга барилаа олохын тулд багахан эрэл хайгуул, туршилтыг хийж үзэхэд л хангалттай. Танд суралцах арга барилаа олж авахад тань туслах дараах аргуудыг хүргэж байна.

1. Өөрийн хамгийн сайн эзэмшсэн суралцах арга барилаа хайж олох

Та аливаа зүйлсийг суралцахдаа хэрхэн яаж суралцдаг болохоо эргэцүүлж бодоод нэг үзээрэй. Хичээл сургууль, өдөр тутмын амьдралдаа хэрэг болох зүйлсийг ямар арга замаар сурч эзэмшдэг талаараа ажиглаж, өөрөөсөө асуугаад үзээрэй.

Жишээлбэл, хэрвээ та ямар нэг шинэ зүйлийг мэдэж, сурч авахдаа YouTube –г ашигладаг эсвэл Google –с хайлт хийгээд зураг, бичлэгийн хэсэг рүү ордог бол та аливаа зүйлийг суралцахдаа гадна харагдах байдлыг нь харж суралцах хандлагатай байж болох юм.

2. Өөр арга барилуудыг туршиж үзэх

Хэрвээ та өөрт ямар арга барил тохирохыг огт мэдэхгүй байвал туршилт хийж үзэхийг танд зөвлөе. Ингэхийн тулд та суралцахыг хүсч байгаа зүйлээ сонгож түүнтэй холбоотой бичвэр, зөвлөгөөг уншиж үзээд мөн ижил сэдвээр лекц эсвэл видео үзэж сонсоорой. Харин эцэст нь суралцсан зүйлээ бодит байдал дээр туршиж, хийж үзэх хэрэгтэй.

Жишээлбэл, хэрвээ та өөрийн илтгэл тавих чадварыг сайжруулах хүсэлтэй байгаа бол Google –ээс илтгэлийн чадвар сайжруулах топ аргуудыг хайж үзээд түүнийгээ уншаарай. Дараагаар нь YouTube –ээс мөн ижил хайлтыг хийж илтгэл тавих талаар бичлэгийг үз. Ингэснээр та аль арга барилаар суралцах нь илүү танд амар хялбар байгааг ялгаж харах боломжтой.

3. Бусдаас тусламж авах

Та суралцах арга барилаа олохдоо бусдаас асууж, тусламж хүсч болно. Энэ хүн таны зааварлагч, багш хүн байвал бүр сайн. Учир нь тэр хүн таны суралцах арга барилыг ажиглаж хардаг хүн танд илүү хэрэгтэй зөвлөгөөг өгөх бөгөөд өөрөөс тань ажиглаж харсан зүйлс буюу цаашид анхаарал хандуулвал зохих зүйлсийг асууж болно. Мөн цаашид хэрхэн арга барилаа сайжруулах талаар зөвлөгөө авч, ярилцаад үзээрэй.

4. Суралцах арга барилаа хослуулан ашиглах

Танд аливааг уншиж суралцах болон сонсож суралцах аль аль нь тохирдог бол та үүнийгээ хослуулан ашиглаж болно. Жишээлбэл, хэрвээ та шинээр сурч байгаа гадаад хэл дээрээ ном уншиж байгаа бол аудио хувилбарыг нь хамтад нь сонсож болох юм. Энэ нь таны унших чадвар, сонсох чадварыг хамтад нь хөгжүүлнэ.

Түүнчлэн өөрт тохирох арга барилаа олсон байсан ч бусад арга барилаа хөгжүүлэхээ мартаж болохгүй.

Бонус: Та дараах вэб хуудсаар зочилж 20-30 асуулт бүхий “Quiz” хийснээр өөрт тохирох арга барилыг олж мэдэх боломжтой.