Цагийн менежментээ хэрэгжүүлэхэд туслах 3 арга

Цаг хугацаа гэдэг алтнаас ч илүү үнэ цэнэтэй зүйл. Яагаад? Хүн бүрт хоногийн 24 цаг ижил өгөгддөг. Амжилттай байхыг хүсвэл 24 цагаа зөв ашиглах хэрэгтэй. Иймд танд цагаа зөв хуваарилах, ажлын үр бүтээмжээ дээшлүүлэхэд туслах хамгийн үр дүнтэй 3 аргыг санал болгож байна.

1. Pomodoro арга

Энэ арга нь цаг хуваарилалтын хамгийн алдартай аргуудын нэг юм. Pomodoro гэх нэрийг гал тогоонд цаг хэмжихэд хэрэглэдэг улаан лооль хэлбэртэй цаг хэмжигчээс санаа авч гаргасан байна. Нэг үгээр өөрийн ажил, даалгавар гүйцэтгэх цагийг хэд хэдэн хэсэг болгож хувааж системтэйгээр ажиллана гэсэн үг юм. Тус арга нь энэ нь танд ажилдаа анхаарч, анхаарлаа сарниулахгүй байхад туслах юм.

Хэрэгжүүлэх арга:

  1. Хамгийн эхэнд анхаарлыг тань сарниулах, хэрэгцээгүй зүйлсийг холдуулах

  2. Өөрийн анхаарч, хийхийг хүсч байгаа ажлаа сонгох

  3. Цагаа 25 минутаар тохируулж ажлаа эхлэх

  4. Хугацаа дуусах хүртэл ажилдаа анхаарлаа хандуулах

  5. 5 минутын богино завсарлага авах

  6. Энэ давтамжаар 3-4 удаа явсны дараа 20 – 30 минутын урт амралт авах

  7. Ажлаа дуусгах хүртлээ үүнийг хэдэн ч удаа давтаж болно.

Танд туслах дижитал Помодоро –г та дараах линкээр орж харна уу. https://tomato-timer.com/

2. Хэцүүгээс нь эхлэх

Аливаа ажлыг хийж эхлэхдээ хамгийн хүнд хэцүү эсвэл ихээс нь эхлэх. Өөрөөр хэлбэл ажлын өдрийн эхэнд хамгийн чухал зүйлээ хийж дуусгах арга юм. Ихэнх хүмүүс өдрийн эхэнд буюу өглөөний цагаар илүү идэвхтэй, эрч хүчтэй байдаг. Тийм ч учраас энэ арга нь танд аливаа чухал даалгаврыг хойшлуулалгүй хийж дуусгах боломжийг олгож таны ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх арга:

  1. Өдөрт хийж дуусгах шаардлагатай ажлуудаа жагсаан бичих

  2. Хамгийн хэцүү, таныг сорьсон ажлуудыг хайж олох

  3. Өглөө хийх хамгийн эхний ажлаа өөрийн хамгийн дургүй хойш тавьдаг, хэцүү гэж боддог ажлаараа солих.

3. Сейнфилдийн арга

Жерри Сейнфилд нь Америкийн алдартай хошин шогч нэгэн юм. Түүнийг амжилтанд хүргэсэн үр дүнтэй аргуудын нэг бол Сейнфилдийн арга юм. Тус аргыг хэрэгжүүлэхийн тулд том календарь авч өдөрт хийх шаардлагатай ажил, даалгавраа гүйцэтгэсний дараа тухайн өдөрт “X” тэмдэглэгээ хийх явдал юм. Ингэх нь үр дүнтэй байдаг гол шалтгаан нь хүмүүс өөрийн календарь дээр тасралтгүй үргэлжлэх “Х” гинжин хэлхээг харж урам зориг авч дараа дараагийн өдрүүдэд хэлхээг таслахгүйн тулд төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэхээр хичээдэгт байдаг байна.

Хэрэгжүүлэх арга:

  1. Календарь авч өөрт ил харагдах газар байрлуулах

  2. Өдөр тутамд хийх ажлуудаа үсгээр тэмдэглэсэн ч болно. Ж/ш: фитнесс (ф) гэх мэт

  3. Тухайн өдөрт хийж гүйцэтгэсэн ажлаа тэмдэглэх

  4. Хэдэн өдөр, долоо хоног өнгөрсний дараа гинжин хэлхээгээ харах

  5. Гинжийг таслаж болохгүй шүү!