Нягтлан бодогчийн мэргэшил хэрхэн гэмт хэрэгтэй тэмцэхэд туслаж байна вэ?

Maame Yaa Tiwaa Addo- Danquah - Гана улсын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн дарга.

Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн анхны эмэгтэй даргын хувьд Maame Yaa Tiwaa Addo- Danquah гэмт хэрэгтэй мөн жендерийн тогтсон ойлголттой тэмцэж байна.

1970-аад онд сургуульдаа явах замдаа өдөр бүр дүрэмт хувцастай эмэгтэй цагдааг олж хардаг байжээ. “Тэр дүрэмт хувцастай маш үзэсгэлэнтэй харагдаж байсан бөгөөд би яг түүн шиг болохыг хүсч байсан”.

Хэдэн жилийн дараа түүний амьдарч байсан тосгонд болсон үйл явдал түүний бодлыг улам бататгасан юм. “Манай тосгонд нэгэн хүн алагдсан байлаа. Хэн ч юу ч ярихгүй байсан тул хэн буруутай болохыг мэдээгүй юм” гэж тэрээр дурсав. “Хэсэг хугацааны дараа манай тосгонд хэсэг бүлэг залуус ирээд архи уугаад, хүмүүстэй юм яриад л байсан. Бид тэднийг архичид гэж бодтол нууц ажиллагаа хийж байсан цагдаа нар байсан. Тэд хэргийг илрүүлсэн юм. Тэр үед би амьдралдаа юу хиймээр байгаагаа ойлгосон”.

Олон жилийг суралцаж, ажиллаж өнгөрүүлсний үр дүнд Maame Yaa Tiwaa Addo- Danquah өөрийнхөө мөрөөдөлд хүрчээ. Өнөөдөр тэр Ганы Цагдаагийн газрын орлогч дарга мөн Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллах буй бөгөөд хэлтсийн даргаар томилогдсон анхны эмэгтэй юм.

Addo- Danquah хэлж буйгаар түүний нягтлан бодох бүртгэлийн мэргэжил болон туршлага түүний карьерт маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэр 1990 онд бизнесийн чиглэлээр диплом хамгаалсний дараа Ганы Цагдаагийн газарт ажилд оржээ. “Би хамгийн доороос эхэлсэн,цагдаагийн туслах хийж бас эргүүлд гардаг байлаа”. 2 жилийн дараа түрүүч болсон ба Ганы Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 2 дугаар шатны шалгалтуудыг амжилттай давсны дараа Ганы цагдаагийн коллежид элсэн оржээ. 1999 онд коллежийн төгсөлтийн 46 сонсогчоос шилдэг төгсөгч болсон бөгөөд ангийн 2 эмэгтэй сонсогчийн нэг нь юм.

Косовод энхийг сахиулах ажиллагаанд явсан хүмүүсийн ажлыг нөхөж олон ажлыг хийж байжээ: ложистик, санхүү. Энэ хугацаанд мэргэшсэн нягтлан бодогч танилууд нь түүнийг АССА сурахыг зөвлөжээ. “Би шалган нягтлахдаа сайн. Тийм болохоор аудит бол миний хамгийн дуртай бөгөөд сайн хичээл байсан. Би карьерынхаа хамгийн өндөрт хүрэхийг хүсч байсан учраас 3 жил ажлаасаа чөлөө авч сурахаар шийдсэн”.

АССА-д сурсан нь одоо хэрхэн ажилладаг арга барилыг нь тогтоосон гэж тэрээр хэлжээ. “Надад АССА суралцах маш их таалагдсан. Их Британид байх нь миний хандлагыг өөрчилсөн, ялангуяа цаг баримтлах тал дээр. Би нэг удаа галт тэрэгнээс хоцрон уулзалтаас хоцорсон юм. Надад том сургамж болсон л доо. Манай ажилчид намайг 8 цагт хуралтай гэвэл үнэхээр 8 цагт хуралтай гэж ойлгодог. Бүгд цагтаа ирдэг.”

АССА-ийн хүмүүсийг удирдах, зохион байгуулахад анхаарал тавьдаг нь Addo- Danquah-д том нөлөө үзүүлжээ. “Энэ миний карьерт их тус болдог. Хүн бүх зүйлийг сайн мэддэг, хийж чаддаг байх албагүй, энэ ажил ч гэсэн яг тийм- маш олон төрлийн гэмт хэргүүд гардаг. Гэхдээ миний хийж чаддаг зүйл бол өөр өөр салбарт мэргэшсэн хүмүүсийг сайн удирдан зохион байгуулах. АССА сургалт миний бодол, хандлагыг өөрчилсөн – хэрвээ ямар нэгэн зйүл буруу болвол бид суугаад ярилцаж, юу болсныг тодорхойлж түүнээсээ суралцаад цааш хөдөлдөг” .

Суралцах хүсэл эрмэлзэл түүнд карьерийнх нь турш байжээ. “АССА чамайг мэргэшсний дараа орхидоггүй нь надад таалагддаг. Чамайг тасралтгүй боловсролын хүрээнд цааш суралцах, унших судлахыг дэмждэг. Миний ажилд тус болох маш их зүйлс байдаг.”

Maame Yaa Tiwaa Addo- Danquah 2008 онд Ганад буцаж очжээ. Тэр үед Ганад санхүүгийн гэмт хэрэг маш ихээр гарч байсан үе. “Тухайн үед санхүүгийн гэмт хэргийн хүрээнд маш олон хүндрэл бэрхшээлүүд байсан. Би улсын секторын санхүүжилтыг сайн ойлгохыг хүссэн тиймээс Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэст түр томилогдохыг хүсэлт гаргасан. Тэнд 10 сар ажиллахдаа цалин, тэтгэвэр, төрийн сан гэх мэтийн талаар илүү сайн олж мэдсэн.” Түр томилолт дууссаны дараа Эрүүгийн гэмт хэргийн хэлтэсийн Арилжааны гэмт хэргийн тасагт томилогджээ.

Гана шиг бэлэн мөнгөнд суурилсан эдийн засаг, том хэмжээний албан бус хувийн сектор болон нүх сүв ихтэй хилийн заагтай улсад санхүүгийн гэмт хэрэг үйлдэгдэхэд технологийн хэрэглээ нэмэгдэж байгаа хурд бол том сорилт болоод байна. Ганы Төв банкны мэдээгээр 2017 онд банкны салбарт бүртгэгдсэн луйвар 190 сая седи буюу 39 сая ам. доллар байжээ.

Addo- Danquah сүүлийн 10 гаруй жил Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дэд бүтэц болон ур чадварыг сайжруулахад анхаарч ажилласан. Мөрдөн байцаагч нарт зориулсан сургалтыг хөгжүүлсэн нь түүний хийсэн ажлуудын нэг байв. “Ихэнх цагдаа, мөрдөгч нар уламжлалт гэмт хэрэгтэй ажиллаад дасчихсан байсан. Гана 2008 онд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль баталсан ч бид хөрөнгийг хөөн илрүүлэх, амжилттай шүүхийн зарга үүсгэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байлаа”.

Шаардлагатай технологийн дэмжлэгийг бий болгоход тэрээр бас анхаарч ажиллажээ. “Суралцаж байхдаа гэмт хэргийн эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр дагавар гэсэн сэдвээр судалгааны ажил хийсэн ба шаардлагатай тоо баримт, дүн мэдээ олж авахад хэцүү байсан. Үүнээс би юу хийж байгаагаа тэмдэглэж, бүртгэж байх сайн систем хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. 2017 оны 1 сард ЭГХМБ хэлтсийг хүлээж авахад, надаас яг одоо хэдэн хүн амины хэрэг мөрдөж байна вэ гэж асуувал би хэлж чадахгүй байх байсан”.

Санхүүгийн асуудалтай байсан ч, Maame Yaa Tiwaa Addo- Danquah мэдээллийн сан үүсгэх чадвартай хүнийг хайж эхэлжээ. “Бидэнд аль хэдийн 2 хөгжүүлэгч ажиллаж байсан. Нэгэнд нь банкинд ажиллах санал ирсэн байсан ч би түүнийг үлдэхийг ятгасан. Одоо бид маш сайн мэдээллийн сантай, бүгдийг дотооддоо өөрсдөө хөгжүүлсэн. Би ажлын компьютероос сүүлийн 7 хоногт хэдэн хүн баривчилсан, хэд нь шүүхэд очсон зэрэг мэдээллийг авч чадна”.

Дараагийн алхам бол энэ их мэдээнээс аль болох ихийг хүртэхийн тулд шинжилгээ хийх хэрэгслүүдийг хөгжүүлэх юм. “Хэрвээ бидэнд зөв хэрэгслүүд байвал бид хаана нөөцөө хамгийн сайн ашиглах вэ гэдгээ мэдэх юм. Жишээлбэл: хаана цагдаагийн пост хамгийн их шаардлагатай байгаа гэдгийг олж мэдэн засгийн газарт мэдэгдэх юм”.

ЭГХТХ санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг 2017 нээгджээ. Addo- Danquah хариуцаж буй ЭГХТХ хүн амины хэрэг, мансууруулах бодис, хүний наймаа, зэвсэгт дээрэм, арилжааны гэмт хэрэг, Интерпол, гэмт хэргийн мэдээллийн сан, зэвсгийн төвлөрсөн бүртгэл, шүүхийн магадлагааны лаборатори зэргээс бүрддэг.

12 цагийн ажлын өдөр

“Би өглөө эрт эхэлдэг. 7 цагаас өмнө” тэрээр хэлэв. “Ажил руу явах 1 цагийн хооронд шөнөдөө гарсан хэргүүдтэй танилцаж өнгөрөөнө. Бүх хэрэг надаар дамждаг – зарим нь байнгын байдаг ч би байнгын биш, онцгой зүйлүүдэд анхаарал хандуулдаг”. Даваагаас лхагва гарагуудад уулзалтаар дүүрэн байдаг ба ажлын өдөр 8 цагаас өмнө дуусна гэж үгүй. “Би ширээн дээрээ юм үлдээх дургүй- би явахаасаа өмнө бүх ажлаа дуусгаж байж явдаг. Ингэж байж өдөр минь дүүрэн болдог.”

ЭГХТХ-ийн анхны эмэгтэй дарга, Цагдаагийн газрын удирдлагын багийн 2 эмэгтэйн нэг болохын хувьд хүлээлт өндөр байгааг мэдэрдэг. “Энэ албан тушаалд амжилтгүй ажиллаж болохгүй. Үүнийг даван туулах ёстой ба өөрөөсөө хүлээгдэж байгааг хийхээс өөр арга замгүй. Ганад эмэгтэйчүүд удирдагч байх нь уламжлалтай нийцдэггүй бөгөөд би хэрвээ сайн ажиллавал бусад эмэгтэйчүүдэд боломж бий болох юм. Миний томилолт удирдлагуудад бусад эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд тавихад түлхэц болсон гэж боддог”. Цагдаагийн сургуульд элсэгчдийн 30% нь дор хаяж эмэгтэй байна гэсэн бодлого баримтлах болжээ.

Addo-Danquah цагдаагийн газар нэгэн хэвэндээ байгаад байж болохгүй гэж боддог. “Гэмт хэрэг маш динамик. Нэг гэмт хэргийг хазаарлах арга хэмжээ авангуут хүмүүс өөр арга зам сүвэгчлэдэг. Үргэлж нэг алхмын урд байх хэрэгтэй. Одоо бүх юм мэдээллийн технологиор идэвхжиж байгаа учраас бидэнд улам хэцүү болж байна. Их Британид байгаа хүн Ганад гэмт хэрэг үйлдэх боломжтой болж байна. Ийм тохиолдолд яах вэ? Хэн шударга ёсыг тогтоох вэ?”.

“Бид бүх гэмт хэргийг 100% зогсоох боломжгүй. Гэхдээ бид гэмт хэрэгтнүүдийг мөрдөх үйл ажиллагаагаа сайжруулмаар байна. Бид олон хэргийг амжилттай илрүүлж хаан, мөрдөгдөж буй хэргийн тоог багасгамаар байна. Бид гэмт хэргийг мэдээлж байгаа иргэд болон гэмт хэргийн хохирогчид шудрага ёсыг үзнэ гэсэн итгэлтэй байх тийм цагдаагийн үйлчилгээ үзүүлэхийг хүсч байна”.

Төсөв мөнгө байнга чанга байдаг, гэхдээ Addo-Danquah өөрийн нягтлан бодох бүртгэлийн мэргэшлийн ачаар нөөцөө бүрэн ашиглаж чадаж байгаадаа баяртай байна. Түүний ажил их чухал, хариуцлага өндөртэй – мөн түүний хайртай ажил.

“Би карьерийнхаа турш сурч ойлгосон зүйл бол хэрвээ чи хичээж ажиллаж, зөв хандлагатай байж, дүрэм журмыг сахих юм бол очихыг хүссэн газартаа хүрнэ”.