Хүсэл тэмүүлэл (passion)-г олж хөгжүүлэх нь

Миний хүсэл тэмүүлэл юу вэ? Би ямар авъяас, ур чадвартай юм бол? Хэрхэн хүсэл тэмүүллээ олж, хөгжүүлэх вэ? зэрэг олон асуултыг ажил амьдралын карьераа эхлүүлж байгаа хүн болгон өөрсдөөсөө асуудаг. Дургүй ажлаа бүх насаараа хийхийг хүсэхгүй байвал дараах аргууд танд өөрийн жинхэнэ хүсэл тэмүллээ олж, хөгжүүлэхэд туслах болно.

1. Хүсэл тэмүүллээ олох

Сонирхдог зүйлээ хөгжүүлэхээс өмнө юу таны сонирхлыг татдаг болохыг олох хэрэгтэй. Энэ нь та юу хийхийг хүсдэг вэ? Юу хийхийг үргэлж мөрөөддөг вэ? Мөрөөдлийн ажлыг бий болгож чадах хобби бий юу? Хоногийн хоолоо залгуулахын тулд хүсч, сонирхож буй зүйлдээ бууж өгөхөд бэлэн үү? зэрэг асуултад хариулт олж, өөрийн жинхэнэ тэмүүллээ олж тодорхойлох үйл явц юм. Хүсэл тэмүүллээ ганцхан хоногийн дотор олж мэдэх аргагүй тул өдөр болгон хийх дуртай зүйлсийнхээ талаар бодох 20 минутыг гаргаарай. Жижиг зүйлсүүдээс таны жинхэнэ хүсэл тэмүүлэл бий болох болно.

2. Чин хүсэл тэмүллээ хөгжүүлэх

Сонирхож, хийхийг хүсч буй зүйлээ олж мэдсэний дараа үүнийгээ хөгжүүлэх цагийг өөртөө гаргаж өгөөрэй. Хэрвээ бичих нь таны сонирхол бол дахин дахин ажиллаж, сайжруул. Өдөр тутамдаа хийсэн зүйлээ тэмдэглэл болгон бичихээс эхэлж болно. Дараа нь найзаараа уншуулж, юу нь зөв болон юу нь буруу байгааг асуух хэрэгтэй. Түүнчлэн зураг авах нь таны сонирхол бол гадаа гараад зураг дарж эхэл. Гэртээ эсвэл үдэшлэг дээр байхдаа, хол ойроос гээд бүх төрлийн зургуудыг авч үз. Сайн камер олж аваад хэрхэн ашиглахыг сур. Хэрвээ хүсч сонирхож буй зүйл, мөрөөдлөө биелүүлэхэд их сургуулийн боловсрол хэрэгтэй бол сонирхож буй чиглэлээрээ суралцах төлөвлөгөөг эртнээс гарга.

3. Нарийн зорилго тавих

Сонирхол, тэмүүллээ хөгжүүлэхийг хүсч байвал зорилгуудаа нарийн тодорхойл. Бидний ихэнх нь хийх ажлаа өдрөөр төлөвлөдөг. Гэхдээ энэ нь хангалтгүй. Тиймээс өдөр болгон нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаас гадна долоо хоног, сар, жилийн эцэст ямар амжилтанд хүрсэн байхаа урьдчилан тодорхойлох хэрэгтэй.

4. Хүсэл тэмүүлэлдээ үнэнч байх

Сонирхож, хийхийг хүсч буй зүйлдээ хүрэх зорилгоо тодорхойлсон бол тууштай байхад туслах хэн нэгнийг олоорой. Сонирхож буй салбартаа юу хийх хэрэгтэйг хэлж өгөх цорын ганц хүн нь ментор, зааварлагч гэж үзэж болохгүй. Энэ хүн зорилгодоо хүрэх аль шатандаа явааг танд хэлж өгнө. Түүнчлэн таньтай ижил сонирхолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Бичээч болох сонирхолтой хүн байвал бичээчдийн нэгдэлд орж болно. Эрдэм мэдлэгийн мөрийг хөөж байвал тантай ижил салбарт суралцаж байгаа эсвэл ижил мэргэжлээр төгссөн хүмүүстэй танилцах гэх мэт зорилгодоо тууштай байхад туслах хүмүүстэй нөхөрлөж, бие биедээ урам зориг өгөөрэй.

5. Завсарлага авах

Зорилгодоо хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж байхдаа амралтгүй ажилласаар байна уу? Найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг багасаад байна уу? Тэгвэл түр зуур завсарлагаа аваад үз. Шантарч, мөрөөдлөө орхихоос өмнө хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөө. Хувийн амьдралд тань чухал зүйлсүүдийг өөртөө ойрхон байлга. Зорилгодоо хүрсэн үед таны баярыг хамт тэмдэглэх тэр хүмүүсээ хэзээ ч битгий алд.

6. Гаргаж буй ахиц дэвшлүүдээ дахин харах

Зарим тохиолдолд хаана байгаагаа, ямар ахиц дэвшил гаргаснаа эргэн харж байх хэрэгтэй. Сонирхож буй зүйлээ биелүүлж, хөгжүүлэх үйл явцыг эхлүүлснээс хойш өөрийгөө дахин үнэл. 1 сар богино хугацаа тул 3 эсвэл 6 сарын дараа хийж буй ажлууддаа үнэлгээ өгч, өөрийгөө дүгнэ. Тавьсан зорилгуудаа харж, мөрөөдлийнхөө аль хэсэгт яваагаа харьцуулж харах хэрэгтэй. Ойрын болоод урт хугацаанд тавьсан зорилгуудаа биелүүлж яваа бол өөртөө баяр хүргэ. Хэрвээ гажиж яваа бол дахин эргэн харж, юуг буруу хийж байгаагаа олж мэд. Өөрөөсөө би хангалттай хичээж байна уу? Өөрчлөлт хийх хэрэгтэй юу? Зорилго минь анхнаасаа хэт өндөр байсан уу? гэдгийг асууж хүсэл тэмүүлэлд хүрэх алхам бүртээ бодитой хандах аваас зорилгодоо хүрэх явцдаа орж чадна.

7. Мөрөөдөл, хүсэл тэмүүллээ хөгжүүлсээр байх

Хүсэл тэмүүллээ даган амжилтанд хүрсэн бол баярлах цаг болсон гэхдээ сэтгэлээ амраах хэрэггүй. Цааш өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч, өөрийн тань салбарт ямар хөгжил явагдаж байгааг сурч, сургалт семинарт хамрагдах хэрэгтэй. Ижил сонирхолтой хүмүүстэй хамт хурал цуглаанд суух нь хүмүүстэй танилцаж, шинэ мэдээ мэдээлэл олж авах боломжийг олгох болно.

“Чин хүсэл тэмүүлэл нь эрч хүч, энерги юм. Тиймээс өөрийг тань аз жаргалтай болгодог зүйлсийн хүчийг мэдрээд үз. Амьдарч буй утга учраа олж мэдэхэд чин хүсэл тэмүүлэл танд туслах болно” Опра Винфри