Ногдол ашгийн талаар бага зэрэг

Хөрөнгө оруулагч та ногдол ашгийн талаар ямар бодолтой байдаг вэ? Ногдол ашиг тараах явдал нь зарим талаараа хөрөнгө оруулагчдад тухайн компанийн үйл ажиллагаа болон цаашдын алхмын талаар мэдэхэд багахан ч гэсэн дохио болдог байна.

Жишээ нь, ногдол ашиг ихээр тараавал компани ашигтай ажиллаж байна гэж харж болох юм. Мэдээж ногдол ашгаа бэлэн мөнгөөр тараасан бол ирэх жилүүдэд бэлэн мөнгөний хомсдолд орохгүй гэдгээ нөгөө талаараа батлан харуулж болох юм. Хэрвээ тус компани жил бүр ногдол ашиг тараадаг, тэр нь жилээс жилд тогтмол эсвэл өсөж байгаа бол зах зээлд дараа жил ч гэсэн өндөр ногдол ашиг тараана гэсэн хүлээлт үүсгэж болох юм. Энэ нь магад хувьцааны үнийн өсөлтөнд багагүй хувь нэмэр оруулж болно. Харин хэтэрвэл хэт өндөр хүлээлт үүсгэж мөн компанийг бодит байдлаас нь илүү өндөр үнэлэгдэхэд хүргэдэг. Заримдаа компаниудын үнэлгээг хийхдээ ногдол ашиг дээр нь суурилж тооцоолох ч үе байдаг. Энэ нь ялангуяа компанийг худалдах үед хэрэглэгддэг.

Гэтэл зарим хөрөнгө оруулагчид ногдол ашиг тараахыг сайшаадаггүй ба цаашлаад компанийн удирдлага сул байна гэж хардаг. Учир нь ихэнх тохиолдолд ногдол ашиг нь бэлэн мөнгө хэлбэрээр тараагддаг тул олон тооны хувьцаа эзэмшигчдэд мөнгө тараахаас илүүтэйгээр компанийн үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх төсөл болон хөрөнгө оруулалтын боломжуудыг олж харж тэдэнд тэр мөнгийг зарцуулах хэрэгтэй гэж үздэг. Мэдээж хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх шаардлагатай шүү дээ. Ногдол ашиг тараасны дараа гэнэтийн боломжууд гарч ирж түүнийгээ санхүүжүүлэхийн тулд зээл авлаа гэж үзэхэд хүүгийн төлбөр ч хийнэ цаашлаад компанийн өр эздийн өмчийн харьцаа ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхөд хөрөнгө оруулагчид дахиад л үүнийг ямар нэгэн дохио гэж хардаг байна. Жишээлбэл та бидний сайн мэдэх Аmazon компани нь ‘’Zero dividend policy‘’ буюу ногдол ашиг тараадаггүй бодлоготой. Тодруулбал, 2015 оны байдлаар тэд огтхон ч ногдол ашиг тараагаагүй бөгөөд тухайн он хүртэл 10 жилийн хугацаанд хувьцааны үнэ нь ойролцоогоор 500 хувиар өссөн байна. Гэтэл Apple, Cisco Systems зэрэг компаниуд нь нэлээн их хэмжээний ногдол ашиг тараадаг.

Эцэст нь хэлэхэд хувьцаа эзэмшигч нь 2 янзаар өгөөж хүртдэг бөгөөд нэг нь хувьцааны өсөлт нөгөө нь ногдол ашгийн орлогоос юм. Amazon компанийн хувьд ногдол ашиг тараадаггүй ч хувьцаа эзэмшигчдэдээ хувьцааны үнийн өсөлтөөс их хэмжээний өгөөж хүртэх нөхцөл бүрдүүлж өгч байна. Харин зарим компаниуд нь их хэмжээний ногдол ашиг тарааж хувьцаанд хөрөнгө оруулагчдыг татдаг байна. Мэдээж тус компанийн цар хүрээ болон зах зээл, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлээс хамааран тухайн компанийн ногдол ашгийн бодлогыг харж үнэлж болох юм.