Карьер төлөвлөлт - марафон уу ойрын зайн гүйлт үү?

Ирээдүйгээ төлөвлөж байхдаа урт хугацааны зорилго болон хүсэл эрмэлзлээ заавал тодорхойлох хэрэгтэй. Үүнд өөрийнхөө хүсэл сонирхол, үнэт зүйлс, зан чанарыг сайн үнэлж яг юу хүсч, юунд зорьж байгаа вэ гэдгээ тодорхойлно.

Үүний дараа эцсийн дүнд хаана хүрэх вэ? Өнөөдөр юу хийвэл зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртох вэ? гэж өөрөөсөө асуугаарай.

Карьер төлөвлөлт нь оюутнууд болон төгсөгчдөд, түүнчлэн ур чадвараа хөгжүүлж, ажил, мэргэжлээ солих хүсэлтэй хүмүүст ч хэрэгтэй. Урт хугацааны карьер төлөвлөлтийн талаар хэдэн зөвлөгөөг хүргэе.

Яагаад карьер төлөвлөлт чухал вэ?

Карьер төлөвлөлт нь таныг зүг чигээ алдалгүй зорилгодоо тууштай байж биелүүлэхэд шаарлагатай зөв чадварууд болон туршлагыг хуримтлуулахад чиглүүлж байдаг.

Урагш харж төлөвлөгөө гаргадаг хүмүүс карьераа эхлэхдээ сайн сонголт хийж, хурдан амжилтанд хүрэх боломжийг өөрсдөдөө бүрдүүлдэг.

Хэрвээ аль хэдийн ажилд орсон бол ажил олгогч тань танд карьерын замналаа төсөөлж, тухайн байгууллагад нээлттэй боломжуудыг тодоор харахад тусладаг байх ёстой.

Бодитой зорилго

Ихэнх дадлагажигч, шинээр ажлын гараагаа эхлүүлж байгаа хүмүүс их амбицтай байдаг, маш хурдан өсч дэвшихийг хүсдэг. Гэвч бодит бус, хэт хийсвэр зорилт дэвшүүлэх нь сайн гэхээс илүү саар нөлөтэй. Учир нь зорьсондоо хүрч чадахгүй үедээ бухимдаж, энэ нь буруу ойлголт үүсгэдэг.

Зохистой хүлээлттэй байхын тулд хүрч болохуйц карьерын замнал ямар байх талаар мөн тухайн компани таны хайж байгаа зүйлийг танд өгч чадах уу зэргийг бодолцох хэрэгтэй.

Хааяа золиос гаргах үе ч байдаг. Нэг газраа байж чадах хүртлээ байгаад дараагийн ажлаа хайх нь ч бий. Хамгийн чухал нь энэ шилжилтийг яг зөв цагтаа хийх юм. Үгүй бол боломжит ажил олгогчид таныг ажлаас ажлын хооронд бодитой ахиц дэвшилгүй үсчээд явдаг гэж харж магадгүй.

Өөрийн өсөлт хөгжлийн тухай менежертэйгээ ярилцаарай. Ингэснээр ойлголтын зөрүү үүсэхгүй бөгөөд тогтоосон хугацаанд тодорхой ажлуудыг суралцаж, байгууллагад оруулах хувь нэмэр, ажилтны хувьд өсөлт хөгжлөө уялдуулж чадна.

Тасралтгүй суралцах

Амжилттай карьер нэг өдрийн дотор бий болохгүй. Үүнийг бий болгоход тасралтгүй суралцах, ахих шаардлагатай. Үнэндээ, FTSE100 CEO нарын дундаж нас 54 байдаг.

“Карьераа төсөөлөн, ирээдүйд хаана очсон байх вэ гэдгээ тодорхойлохдоо, хэрхэн тэнд хүрэх вэ гэдэг талаар мөн бодох хэрэгтэй.”

Зорилгодоо хүрэхэд цаг, үнэнч байдал, дадлага, төлөвлөгөө шаардлагатай – яг л марафон шиг. Марафонд оролцож замаа дуусгах нь чухал болохоос хэн нэгний урд орох нь чухал биш.

Менежер болон хамт ажилладаг хүмүүсээсээ зөвлөмж авахаа мартуузай. Карьерын замналаа төсөөлөхөд ментор их үнэ цэнэтэй харах өнцгийг нээж өгдөг. Мөн тэд карьерт тань хэрэг болохуйц түр томилолт болон тодорхой төслүүдийг хэлж өгч болох юм. Олон улсын туршлага мөн үр өгөөжтэй байдаг.

Санхүүгийн захирлуудын дунд хийсэн судалгаагаар тэдний гуравны нэг нь олон улсад ажиллаж байсан туршлагатай байсан ба бүгд энэ нь тэдний карьерт өгөөжтэй байсан гэж үзжээ.

Эцэст нь хэлэхэд, энэ бол аялал – оргилд хүрэхэд хийж үзэх олон гайхалтай ажлууд байгаа, тиймээс аяллын турш ур чадвар, туршлагаа хуримтлуулаарай – яарах хэрэггүй.

Карьер төлөвлөлтөндөө анхаардаг бол дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй:

  • Өөрийн судалгааг хий – мэргэжилтний хувьд одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаа ч ажлын зар болон зуучлагчийн веб хуудсыг шалгаж юу байна гэдгийг харж байгаарай. Салбарт юу болж байгаа, ямар ажлууд нээлттэй байгаа талаар мэдээлэлтэй байхад илүүдэхгүй.

  • Мэддэг хүмүүсээс асуу – хөдөлмөрийн зуучлагч бол ажил олгогч, ажилтан 2-ыг холбодог гүүр учраас тэдэнтэй ярилцах нь залуу хүмүүс ямар ур чадвар, туршлагаа хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдэгт зөвлөнө.

  • Танилын хүрээгээ тэл – тухайн салбарт ажилладаг хүнтэй ярилцах нь чамд ямар ажил тохирох вэ гэдэг талаар мэдэж авахад туслана.

  • Өөрийн тасралтгүй суралцах төлөвлөгөөг бий болго – тасралтгүй суралцах хувийн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлснээр, карьерын дараагийн үе шат руу ахихад өөрийгөө зөв байршуулсан байх болно.