Ихийг уншдаг хүмүүс бусдаас илүү байдаг 5 шалтгаан

Ихийг уншдаг хүмүүс бусдаас илүү байдаг 5 шалтгаан

“Ном уншдаг хүн амьдралынхаа төгсгөл хүртэл хэдэн мянган амьдралыг үзэж хардаг бол амьдралдаа нэг ч ном уншаагүй хүн нэг л амьдралаараа амьдардаг.” George R.R Martin

1. Ном уншдаг хүмүүс аливаа зүйлийг томоор хардаг

Таныг багахан алдаа гаргахад хэн нэгэн гаргасан алдааг тань дэлхийн төгсгөл мэт хүлээж авч байсан уу? Орчин үед олон нийтийн сүлжээ, интернет ихээр хөгжиж хүн бүрт хамгийн төгс төгөлдөр, мундаг нэгэн байх гэсэн хүсэл ихээр төрөх болсон. Тиймээс хүмүүс бүх зүйлсийг нэг хэмжээсээр хардаг. Харин ном уншдаг хүмүүсийн хувьд тэд илүү томооор харж, юмны цаад учрыг нь ойлгохыг хичээж, яарч дүгнэлт гаргадаггүй. Тэдний хувьд амьдрал бол асар том аялал. Тэд аливаа зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд саад бэрхшээл, эргэлзэж тээнэгэлзэх үе гарч ирдэг гэдгийг мэддэг. Хамгийн гол нь тэд нэгэн цагт алдаа гэж бодсон зүйл нь эцэстээ илүү ихийг тэдэнд өгч болдог гэдгийг ойлгосон байдаг. Тийм ч учраас тэд аливаа зүйлд бодлоггүй хариу үйлдэл хийдэггүй.

2. Ном уншдаг хүмүүсийн оюун ухаан нас нэмэхийн хэрээр хурцлагдаж байдаг

Тархи гэдэг зүйлийг булчинтай адилтгаж болох юм. Учир нь энэ хоёр зүйлийг хэр их ашиглана тэр хэрээрээ улам илүү сайн ажиллагаатай байдаг. Бид биеийнхээ булчинг дасгал хөдөлгөөн хийж, хүнд юм өргөж ажиллуулдаг бол үүнтэй адил тархийг ном уншиж ажиллуулах нь нэг ёсны тархины фитнесс болж өгөх юм. Tuft их сургууль болон Yale-ийн их сургуулийн Haskins лабораторит явуулсан судалгаагаар юм унших нь ой тогтоолтыг сайжруулаад зогсохгүй аливаа зүйлийг илүү хурдан хугацаанд суралцах боломжийг олгодог байна. Түүнчлэн ахмад хүмүүст ч ном унших нь ой ухаанаа сайн хэвээр байлгахад тусалдаг байна.

3. Ном уншдаг хүмүүс таныг бусдаас илүү ойлгоно

Ихэнх хүмүүс өөртэйгөө ижил сонирхол, үзэл бодолтой хүмүүст татагддаг билээ. Учир нь тэд бие биенээ хамгийн сайн ойлгодог. Уншигчдын хувьд тэд ном, уран зохиолоор дамжуулж бүхий л нийгэм, соёлын онцлогийг таниж мэдсэн байдаг. Энэ нь тэдэнд зөвхөн өөртэйгөө ижил үзэл бодолтой хүмүүсийг ойлгоод зогсохгүй өөрсдөөсөө тэс өөр хүмүүсийг ч ойлгох чадварыг бий болгодог.

4. Ном уншдаг хүмүүстэй харилцах сонирхолтой байдаг

Ихэнх ном, уран зохиол бодит орон зай, цаг хугацаанаас өөр, тэр ч бүү хэл төсөөллийн хийсвэр ертөнцөд өрнөдөг. Зөвхөн бодит амьдралын бус уран зөгнөлтөд номноос ч уншигчид өөрсдийн амьдралд хэрэгтэй шинэ санаа, бодлыг олж авах боломжтой. Тийм ч учраас уншигчид бодит ертөнцөд нээлттэй хандаж өөрсдийн хувийн үзэл бодлыг хадгалж үлдэх чадвартай болсон байдаг. Ихэнхдээ тэд олон төрлийн сэдвээр ярилцах чадвартай, сайн мэтгэлцэгч нар байх бөгөөд тэд бусадтай харилцахыг өөр үзэл бодлыг нээж харах боломж хэмээн хүлээж авдаг. Тэд бусдад өөрийнхөө үзэл бодлыг тулгахаас илүү бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсдог.

5. Ном уншдаг хүмүүс бол жинхэнэ адал явдлыг хайгчид байдаг

Ихэнх хүмүүст өөрсдийнх нь өдөр тутмын амьдралын хэвшил тааламжтай санагддаг. Хүмүүс өдөр бүр ордог хоолны газраасаа танил хоолоо захиалж, байнгын ордог кофе шопоосоо танил баристагийн бэлдсэн латтег авах дуртай. Бид өөрчлөлтөд дуртай гэж бодох дуртай. Гэвч бодит байдалд бид тав тухтай, тааламжтай байдаг зүйлсээ хийхийг илүүд үздэг.

Харин ном уншигчдын хувьд тэд ихэнхдээ өвөрмөц шинэ ертөнцийг толгойдоо төсөөлж явдаг бөгөөд энэ нь тэдэнд бодит амьдрал дээр өвөрмөц, шинэлэг зүйлсийг нээж таних хүслийг төрүүлдэг. Ихэнх уншигчид бусдын огтхон ч мэддэггүй гайхалтай, сайхан газруудыг хайж олсон байдаг учраас тэдэнтэй аялах нь адал явдлаар дүүрэн байх болно.

Ном уншсанаар зөвхөн мэдлэг хуримтлуулаад зогсохгүй, бусдыг ойлгох, төсөөллөө тэлэх, оюун ухаанаа хөгжүүлэх олон давуу талтай. Иймд та өдөрт багахан цагийг ном уншихад зарцуулж, бусадтай өөрийн үзэл бодлыг хуваалцаарай.