Англи хэлнийхээ түвшинд тохирсон номыг хэрхэн сонгох вэ?

Англи хэлнийхээ үгийн сан, өгүүлбэр зүйн мэдлэгийг сайжруулахын тулд ном унших нь хамгийн үр дүнтэй арга юм. Хэдий тийм ч ихэнх хүмүүсийн хувьд өөрийн түвшинд тохирох номыг олж сонгох нь их төвөгтэй байдаг.

Өөрт тохирсон номоо олж сонгоход тань туслах дараах 4 алхамыг танд хүргэж байна.

1-р алхам – Та яагаад ном уншихыг хүсч байгаа вэ?

Ном худалдаж авахын өмнө өөрийн зорилгыг тодорхойлох нь нэн чухал.

Ном бол ертөнцийг харах толь. Тийм ч учраас хэрвээ та гадаадад суралцах эсвэл англи хэлийг төгс эзэмших хүсэл, мөрөөдөлтэй нэгэн бол тухайн хэл соёлыг номноос илүү танд таниулах зүйл гэж үгүй.

Хамгийн эхэнд та яагаад ном унших болсон шалтгаанаа тодорхойлох хэрэгтэй. Та дараах таван асуултыг өөрөөсөө асуугаарай.

· Нэг хуудаснаас хэр их шинэ үг хэллэг суралцахыг зорьж байгаа вэ?

· Өдөрт хэдэн цагийг ном уншихад зарцуулах вэ?

· Ном уншингаа шинэ үг хэллэгүүдийг хэрхэн цээжлэх вэ?

· Ном унших нь танд англи хэлний ахисан түвшинд хүрэхэд тань хэрхэн туслах вэ?

· Энэ ном надад шинэ үг хэллэгээс өөр илүү юуг зааж сургах вэ?

Та зорилгоо хэр сайн тодорхойлно тэр хэмжээгээрээ ихийг сурч мэдэх болно.

2-р алхам – Өөрийн сонирхдог төрлийн номыг сонгох

Унших номоо сонгохын өмнө унших төрлөө сонгох нь нэн чухал.

Жишээлбэл шинжлэх ухааны, адал явдалт, намтар түүхийн, уран зөгнөлт гэх мэт. Ном уншихад урт хугацаа зарцуулдаг учир сонирхдог сэдвээрээ, дуртай номоо сонгож унших хэрэгтэй.

Та номны төрлөө “Amazon – Home Page - Book” –ээс харах боломжтой. Түүнчлэн таалагдсан номон дээрээ дарж тухайн номтой ижил түвшний эсвэл ижил төрлийн номны сонголтуудыг харах боломжтой. Мөн цаг үеийн хамгийн шилдэг номнуудаас эхлээд орчин цагийн хамгийн шилдэг борлуулалттай бүх төрлийн номыг хайж үзэж болно.

3-р алхам – Номыг түвшингээр нь ялгаж харах

Англи хэлийг анхлан суралцаж буй хүмүүсийн ном сонгож уншихдаа гаргадаг нэг алдаа нь хэт өндөр түвшний номноос эхлэх явдал юм. Ихэнх хүмүүс ном сонгохдоо өөрийн насанд тохирох байдлыг нь хардаг. Ингэснээр унаган англи хэлтэй хүмүүсийн хэлний түвшинд тохирсон хэт ахисан түвшний номыг уншиж ойлгохгүй шантрах тохиолдлууд гардаг.

Хэрвээ та аливаа хэлийг анхан шатнаас нь суралцаж байгаа бол өөрийн түвшинд тохируулан өсвөр насныхан тэр ч бүү хэл бага насны хүүхдүүдэд зориулсан номыг сонгож унших хэрэгтэй. Алхам алхмаар түвшингээ ахиулж явах нь хамгийн чухал.

Номны түвшинг хэрхэн ялгах вэ?

Хэрвээ та тухайн номон дээр гарж байгаа бүх үг, хэллэгийг мэдэж байвал энэ нь хэтэрхий хялбар. Харин уншсан хэсгийнхээ хагасаас багыг ойлгож байвал хэтэрхий хэцүү гэсэн үг. Харин та уншсан хэсгийнхээ 70 хувийг ойлгож байвал тэр ном дундаж буюу танд уншихад тохиромжтой гэсэн үг юм. Та “Amazon” дээр дуртай номоо сонгож 1,2 хуудсыг үнэгүй унших боломжтой. Тухайн номны дээд хэсэгт байх “Look inside” хэсгийг дарж номны танилцуулга хэсгээс уншиж болно. Нэг хоёр хуудсыг уншиж үзэхэд л хангалттай. Уншисны дараа та текстийн 70% -г ойлгож байвал тухайн номыг сонгож болно. Хэрвээ номны хуудсыг харахыг хүсвэл номны “Length” гэсэн хэсгээс харах боломжтой.

Түүнчлэн хэрвээ та ном уншиж эхлэж байгаа бол 200-аас бага хуудастай номноос эхлэх нь илүү тохиромжтой.

4-р алхам – Audio хувилбар болон Graded Readers

Ном уншихад гардаг нэг дутагдалтай тал нь тухайн номон дээр гарсан үгний дуудлагыг мэдэх боломжгүй байдаг явдал юм. Тиймээс энэ нөхцөлд номны текст хувилбар болон аудио хувилбарыг хамтад нь татаж аваад унших явцдаа зэрэгцүүлэн сонсох нь хамгийн үр дүнтэй арга байх болно.

Ингэснээр таны унших, сонсох чадвар хамт хөгжих боломжтой болох юм. Түүгээр ч зогсохгүй аливаа үгний зөв дуудлагыг сурч цаашид өөрийн ярианд хэрэглэх боломжтой.

“Graded readers” гэдэг нь англи хэл суралцагч нарт зориулж алдартай ном зохиолуудын хэлний түвшинг бууруулж, хялбарчилж гаргасан номнууд бөгөөд өөрийн түвшинд тохируулан сонгож унших боломжтой.

Түүнчлэн ихэнх номнууд нь аудио хувилбар, мэдэж авбал зохих үг хэллэгийг жагсаасан байх бөгөөд уншсан номоо хэр сайн ойлгосныг тань шалгах багахан хэмжээний дасгалуудыг багтаасан байдаг.

Товчхондоо та ном сонгохдоо:

1. Өөрөөсөө би яагаад ном уншихыг хүсч байгаа вэ? гэж асуух

2. Өөрийн сонирхолд нийцэх төрлийн номыг сонгох

3. Өөрийн түвшинг тодорхойлох

Тухайн номныхоо аудио хувилбарыг уншингаа хамт сонсож, өөрийн түвшинд тохирох номыг Graded readers –н тусламжтай сонгох хэрэгтэй.